“Токио 2020” олимп цуцлагдаж магадгүй
Олон улсын олимпын хорооны ахлах гишүүн Дик Пунд Мягмар гарагт мэдээлэхдээ “Токио хотноо болох зуны олимпыг короновирусийн дэгдэлтийн улмаас хэтэрхий аюултай гэж үзвэл зохион байгуулагчдын зүгээс олимпыг хойшлуулах биш бүр цуцлах магадлал өндөр байна” гэжээ.
Хоёр сарын өмнө БНХАУ-д анх илэрсэн вирусийн халдвар одоогийн байдлаар дэлхий даяар 80,000 гаруй хүнийг хамарч, 2700 гаруй хүний амь насыг авч одсон. Япон улсад уг вирусийн улмаас дөрвөн хүн нас бараад байна.
1978 оноос хойш ОУОХ-нд ажиллаж байгаа Канадын усан сэлэлтийн аварга асан Дик Пунд "Токиогийн олимпын хувь заяаг шийдэх хоёр сарын хугацаа байна. Шийдвэрийг тавдугаар сарын сүүл хүртэл байдлыг ажиглаж байгаад гаргана" гэв. Тэрээр “Олимп ойртох тусам олон зүйл өрнөж эхэлнэ. Хүмүүсийн аюулгүй байдал, хоол хүнс, олимпын тосгон, зочид буудлууд зэрэг хяналт тавих олон зүйл бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-аас ямар шийдвэр, удирдамж гаргахаас хамаарна" гэжээ. Мөн Дик Пунд тамирчдыг бэлтгэлээ үргэлжлүүлэн хийхийг уриалав. Долдугаар сарын 24-нд нээлтээ хийх олимпын наадамд 11000 орчим хүн оролцох бөгөөд 4,400 нь наймдугаар сарын 25-нд нээгдэх паралимпод оролцох юм.
Грекийн Афин хотод 1896 онд анх зохиогдож байсан үеэс хойш олимпын наадам зөвхөн дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед цуцлагдаж байжээ.
Эх сурвалж: dailymai gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ