Урт насласан нууцаасаа хуваалцсан байна
Английн Тайн-энд-Уир гүнлэгийн Саут-Шилдс хотын өндөр настан эмэгтэй дуу дуулдаг маань аз жаргалтай амьдралын нууц хэмээн ярьжээ.
Летиция Ланкастер нэгдүгээр сарын сүүлчээр 100 дахь төрсөн өдрөө тэмдэглэж, домогт жааз хөгжмийн эвлүүлгээс дуулснаар төрөл төрөгсөд болон ойр дотнынхоо хүмүүсийг баярлуулжээ.
Ачийнх нь хийсэн бичлэгт тэр тэргэнцэр дээр суун, дуу дуулж, хөгжмийн аяар хөдлөж байгаа нь харагдана. Түүний дуулсан Луи Армстронгийн “When You're Smiling” дууны бичлэг “Дейли мэйл” сонины Твиттерт тавигджээ.
Залуудаа Ланкастер үзэгчдийн өмнө дуу дуулж, бүжиглэх дуртай байсан гэнэ. 20 нас хүрмэгцээ тэр тайзнаа мэргэжлийн хүн шиг дуулж, бүжиглэдэг байжээ.
“Би хэдэн ч нас хүрлээ гэсэн, хэзээ ч дуулахаа болихгүй. Дуулах нь миний амьдралын салшгүй хэсэг ямагт байсан юм. Энэ нь намайг аз жаргалтай болгодог” гэж тэр нууцаасаа хуваалцжээ.
Ланкастер Англид төрж, харин 1989 онд гэр бүлийнхнийхээ хамт Шотландад нүүж очсон байна. 2010 онд нөхөр Жоржийгоо нас барсны дараа тэр эндхийн асрамжийн газарт очжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ