Дэлхийн хамгийн том эвэртэй үхэр Африкийн төвд байдаг
Анколе-Ватусси үүлдрийн үхэр бол дэлхийн хамгийн том эвэртэй үхэр юм. Үүгээрээ Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн байдаг. Үхрийн эвэрний урт нь 2.4 метр, тойргийн урт нь 70 см хүрдэг байна. Эвэрнийх нь уртаар нь тэдний үнэ цэнийг тодорхойлдог бөгөөд хамгийн урт эвэртэйг нь хамгийн ариунд тооцдог аж.
Амьдын жин нь 410-730 кг байдаг. Харин шинэ төрсөн тугалнууд ердөө л 14-23 кг жинтэй байдаг гэнэ. Руанда, Брунди улсын Тутси үндэстнүүд үржүүлдгийг нь ватусси, Уганда улсад байдаг үүлдрийг нь анколе хэмээн нэрлэдэг ажээ.
Эрт үеэс ватусси үхрийг ариун хэмээн үзэж, энэ овгийн үхрийг нядалдаггүй заншилтай байжээ. Учир нь амьд малын тоогоор тухайн хүний эд хөрөнгө, баян чинээлэг байдлыг нь тодорхойлдог байсан гэнэ.
Анколе үүлдэр нь ус болоод өвс тэжээлийн хомсдол, чанар муутай өвс тэжээл хэрэглэдгээс үүдэн цөөрчээ. Одоо зөвхөн Африкийн төв хэсэгт л үлдсэн байна. Тиймээс Европ, Австрали, Өмнөд Африк, Америкт түүнийг өсгөн үржүүлж эхэлжээ.
Анколе-Ватусси үүлдрийн үхрийн эвэрт маш их хэмжээний судас байдаг учир халууны улиралд эвэрнийхээ тусламжтайгаар сэрүүцдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ