Олны танил зохиолч,яруу найрагчдын сүлд дуу

Олны танил зохиолч,яруу найрагчдын сүлд дуу Дуу дуунаас онцгой,дуулаад явмаар дуу бий.Ер нь хүн бүхэнд өөрийн болсон,хэзээ ч хаана ч аялмаар,дуулмаар дуу байдаг билээ.Түүнийгээ сүлд дуу хэмээн нэрийдэх бөгөөд хүн л юм хойно яруу найрагч,зохиолчдод ч тийм дуу байдаг нь тодорхой. "Хүрэн морь" найраглал,"Маамуу нааш ир" шүлэг зэрэг бүтээлээрээ алдаршсан төрийн соёрхолт Ч.Лхамсүрэн "Цагаан морь" дуу дуулах дуртай байжээ.Уг дуугаа "Энэ чинь яг манай нутгийн дуу шүү дээ хө" хэмээн тайлбарладаг байсан тэрбээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат билээ.Харин "Дамдины Сүхбаатар" найраглалаараа төрийн шагнал хүртсэн Ц.Гайтав гэртээ найрлаж нэлээд халамцсан үедээ "За,би"Хэрлэн"-г дуулна аа" гэж зарлаж байгаад л Усан болрын өнгөтэй Урт сайхан Хэрлэн хэмээн тун ч эвлэгхэн дуулдаг байсан гэдэг. Зохиолч,яруу найрагч Жан.Шагдар сархад жаахан зооглочхоороо "Могой хээр морь минь"гээд авч гардаг байсан аж.Дууны аяар гараа хөдөлгөн, Хаад хаадын үүдэн дээр Хазаартайгаа дүүхэлзээд гэхдээ өөрийнхөө морийг харж буй юм шиг инээмсэглэн ганхдаг байсан гэнэ билээ."Хөгжөөнтэй туужууд","Харуул Алтай"ном,"Морьтой ч болоосой"киногоороо олны танил болсон төрийн соёрхолт,зохиолч Д.Гармаа гэв гэнэтхэн"Дөрвөн настай халиун"нь гээд л хадааж гарна.Дуулж байхдаа нүдээ анисхийн,толгой гудайлгаж,ая дуундаа их л итгэсэн байдалтай болдог түүнийг найз нөхөд нь"Давгүй сайхан дуулдаг"гэж үнэлдэг байж."Би яасан бэ?","Орчин үеийн"Алтан загасны үлгэр""зэрэг олны талархал хүлээсэн өгүүллэг бичсэн шог зохиолч Ж.Барамсай инээд алдан,ханцуйгаа нэгэнтээ шамлаад "Эрдэнэ засгийн унага"-аа дуулна аа"гэж зарлан байж дуулдаг байсан юм гэсэн. "Болор цом"-ын эзэн,нэгэн үе ганц хүний хөдөлгөөн байгуулаад "Гиннесийн ном"-д орох шахсан зохиолч Д.Урианхайн сүлд дуу нь "Цонхон дээр суусан ялаа".Дууныхаа үг,аянд сүрхий уярсан янзтай ганхасхийн байж дуулж дуусаад ихэд инээдэг тэр багагүй гуйлгаж байж,ая дуугаа өргөдөг гэнэ билээ."Болор цом"-ын 3 удаагийн түрүүт,Ардын уран зохиолч Д.Цоодол"Аргагүй амраг","Сүнжидмаа" хоёрыг сонссон хүн"Дахиад нэг дуулаач"гэж гуйх хэмжээнд дуулдаг аж.Ер нь энэ найрагч ардын богино дуунд тун ч сүрхий бололтой. Яруу найрагч,зохиолчид дотор олон дуу дуулдгаараа алдартай нь АУЗ П.Бадарч.Гэхдээ "Учиртай гурван толгой"дуурийн Юндэнгийн дуунд илүү дуртай.Түүний дуулсан дууг бусад хүн хэр үнэлэх нь падгүй,өөрийнхөөрөө л "Сайхан"гэж үнэлнэ.Нэрт найрагч маань залуудаа нэгэн удаа СГЗ,зохиолч П.Пүрэвсүрэнтэй хамт Амгаланд зохиолч Д.Шагдарсүрэнгийнд оччихоод сүүлчийн автобусаар буцжээ.Автобусанд хүн ч цөөн байж.Гэнэт П.Бадарч "Ижил хоёр шувуу шиг..."хэмээн цангинуулж эхлэхүйеэ П.Пүрэвсүрэн"Боль л доо боль"гэж хориглож л дээ.Харин цаадахь нь зогсоогүйгээр үл барам ихэд уурлан"Чи муу ганц ч дуу мэдэхгүй байж дуугүй сууж бай.Чамайг бодвол би сумын клубын тайзан дээр Юндэнтэй хүн шүү"хэмээн агсам тавьсан удаа бий."Гандирсын хотын Хандармаа","Тооройн төгөл"зэрэг туужаараа уншигчдын танил болсон,богино өгүүллэгийн "Утгын чимэг "наадмын тэргүүн байрын хошой шагналт Д.Намсрайн сүлд дуу нь "Ванлий".Тэрээр татаж байсан тамхиа шидэж орхиод уг дуугаа эхэлдэг байсан юм билээ.Сонирхолтой нь Д.Намсрай зохиолч,П.Бадарч найрагч шиг соёлын ордны жүжигчин байсан ажээ. Түүнээс гадна зохиолч,яруу найрагчид дунд огт дуулдаггүй хүн олон бий.АУЗ С.Эрдэнэ,дорны их яруу найрагч,СГЗ,төрийн соёрхолт Б.Явуухулан,СГЗ П.Пүрэвсүрэн,зохиолч Н.Надмид,Д.Шагдарсүрэн нар ерөөсөө дуулдаггүй байв.Гэлээ ч тэдэнд сонсох дуртай,сэтгэл дотроо дуулж явдаг сүлд дуунууд байсан нь лавтай.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ