Дэлхийд аюултай өлсгөлөн нүүрлэж мэднэ
Цаг уурын өөрчлөлт нь дэлхий нийтэд хөдөө аж ахуйн болон тэнгис далайн нөөц үлэмжхэн багасахад хүргэж, үүний улмаас дэлхий нийтийг хамарсан өлсгөлөн нүүрлэж болох юм гэдгийг олон улсын эрдэмтдийн бүлэг нотложээ. Phys.org сайтын мэдээнд ингэж дурдсан байна.
Агаар мандалд нүүрсхүчлийн хий цацагдах явдлыг ойрын ирээдүйд бууруулж чадахгүй, буцах аргагүй болсон заагийг нэгэнт давж гарсан байж болох учир, одоогийн зууны нөхцөл байдлыг таамаглахад л чиглэсэн судалгаа илүүтэй хийж байгааг цаг уурчид хүлээн зөвшөөрч байна. Эрдэмтэд шинэ судалгаандаа хөдөө аж ахуй болон загас агнуур гэсэн хүнсний хоёр гол эх үүсгэврийн байдлыг таамаглах онолын загварчлал гаргажээ.
Ямар ямар нутагт хүнсний бүтээгдэхүүн тарьж, загас агнадагийг, түүнчилэн эдгээр нутагт цаг уурын үзүүлж буй нөлөөллийг мэргэжилтнүүд харгалзан үзсэн байна. Жишээ нь, дэлхийн температур ихсэж байгаа нь халуун нутгийн хувьд онцгой хөнөөлтэй болж, харин умард нутгийн орнуудад (Канад, Орос) нөхцөл байдал хөдөө аж ахуйн хувьд илүү таатай байж болох ажээ.
Хамгийн муугаар бодоход, дэлхийн хүн амын 90 хувь нь энэ зууны сүүлч гэхэд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл үлэмжхэн буурах нутгуудад аж төрөх гэнэ. Хөдөө аж ахуйн салбарт энэ бууралт 26 хувь, загас агнуурт 60 хувь байх ажээ. Ингэхдээ ядуу буурай орнууд дэлхийн дулааралтад хамгийн их өртөх юм байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ