Сургуульд нь шоолж тохуурхаад байсан 8 настай охин Эйнштейнээс илүү ухаантай ажээ
Адхара Перес 10 нас ч хүрээгүй, харин түүний оюуны үзүүлэлт нь 162 пунктээс давжээ. Харьцуулах үүднээс дурдахад, Эйнштейний IQ 160 байсан юм гэж хэвлэлд бичсэн байна.
Мексикийн Мехико хотын найман настай охин Адхара Перес оюуны чадамжаараа гайхаш барж байна. Охиныг нь их ирээдүй хүлээж байгааг түүний эцэг, эх хэдхэн жилийн өмнө таамаглаж ч чадаагүй аж.
Гурван настай байхад нь охинд Аспергерийн хамшинж өвчинтэй гэсэн онош тавьжээ. Өсөлтийнх гажигаас болоод Адхарад бусад хүн, ялангуяа үе тэнгийнхэнтэйгээ харьцахад хэцүү байжээ.
Ангийнх нь хүүхдүүд бяцхан охиныг элдвээр шоолж элэглэдэг байж. Харин зарим нь доромжилон, бүүр гажиг гэх юмуу “мэдрэл” хэмээн гоочилдог байсан байна. Ээжийнх нь хэлснээр, нэг мэдэхэд, Адхара сэтгэл санаагаар ихэд унаж, гүн гутралд оржээ.
Охин хичээлд явахаас дургүйцэж, харин эцэг, эх нь сургуульдаа явахыг л шаардаж, харин тэр хичээлдээ очсон хойноо ямар ч сонирхолгүй болж, ширээнийхээ ард унтаад өгдөг байж.
Сэргэлэн охин нь жирийн хүүхдүүдийн дунд байгаад нэмэргүй гэдгийг түүний ээж Налли Санчес ойлгосон байна. Тийнхүү охин ер бусын өндөр IQ-тай болохыг сэтгэл судлаачид илрүүлж, тэгээд эцэг, эх нь охиныхоо чадварыг хөгжүүлэхэд тохирсон сургууль эрж хайж эхлэжээ.
Тухайлбал, Перес таван нас хүрэх үедээ бага ангийн хичээлийг бүрэн эзэмшсэн байна. Найман насандаа тэр ахлах сургуулийн гэрчилгээ авчээ. Хэвлэлд бичсэнээр, одоо тэр онлайнаар аж үйлдвэрийн инженерчлэл, системийн техникийн салбарт эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гэнэ.
Ээж нь охиныгоо АНУ-д аваачиж, Аризоны их сургуульд элсэлтийн шалгалт өгүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Адхара одон орны физикийн ангид элсэж, дараа нь сансрын нисэгч болохыг хүсдэг гэнэ. Харин одоогоор тэр ирэх элсэлтийн шалгалтад бэлтгэхдээ англи хэл үзэж байна гэж Yucatan times сайтад бичжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ