Түргэн рүү олон мянган удаа утасдасан эрийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ
Дөрвөн сарын хугацаанд түргэний “103” дугаар руу бараг 47 мянган удаа утасдасан Украины Донецк мужийн Краматорск хотын нэг оршин суугчийг сэтгэцийн эмнэлэгт хэвтрүүлснийг мужийн прокурорын байгууллагын хэвлэлийн албанаас мягмар гарагт мэдээлсэн байна.
Энэхүү хууль бус санаатай үйлдэл нь хотын түргэн тусламжийн станцын үйл ажиллагааг алдагдуулж байсан тэр эрийг албадан эмчлэх арга хэмжээ авах тухай хотын прокурорын байгууллагын хүсэлтийг шүүх ёсоор болгожээ.
“Краматорск хотын 30 настай оршин суугч 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны хоёрдугаар сарын 12-нд өөрийн гар утаснаас “103” руу 46 мянга 968 удаа утасдасныг урьдчилан мөрдөн байцаалтын явцад тогтоосныг” прокурорын байгууллага тэмдэглэсэн байна.
Тэрээр өдрийн туршид түргэн рүү зуугаас мянган удаа утасдаж, ингэхдээ эмч нарыг ажлаас нь хөндийрүүлээд зогсохгүй, “тэднийг хэл амаар доромжилдог байсныг” хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Тэр 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “103” руу 1618 удаа утасдаж, нэг ёсны “дээд амжилт” тогтоосныг хэвлэлийн алба тэмдэглэсэн байна.
Тийнхүү шүүхийн шийдвэрээр түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, албадан эмчлэхээр болжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ