Орон сууцны үнэ унах юм байна
"Найман хувийн хүүтэй зээл удахгүй зогсоно", "Уг зээл хэрэгжихээ болино" гэсэн цуу яриа гарч иргэд орон сууцны зээлд хамрагдахаар уртаас урт дараалал үүсгэж яарч байгаа нь орон сууцны үнийг хөөрөгдүүлээд байна.
Гэтэл бодит байдал дээр ийм зүйл огт болохгүйг албаны хүмүүс ярьцгааж, орон сууц олноор ашиглалтад орж үнэ нь буурна гэдгийг тайлбарласаар. Улсын хэмжээнд 60 гаруй мянган айлын орон сууцны барилга баригдаж байгаа. Үүнээс ойрын хугацаанд буюу 2013-2014 онд 33 мянга нь ашиглалтад орох юм. Ингэснээр орон сууцны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ нь тодорхой хувиар буурах тооцоо гараад байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан "Орон сууцны үнийн хөөрөгдлийг бууруулахын тулд салбарын яам, Монголбанкны хамтарсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Барилга угсралтын ажлууд эрчимтэй явагдаж байгаа учир орон сууцны нийлүүлэлт энэ намраас нэмэгдэнэ. Сүүлийн үед иргэдийн дунд найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилт дуусч байгаа гэх яриа гарах боллоо. Энэ хөтөлбөр урт удаан хугацаанд хэрэгжих учир иргэд цуу үгэнд итгэж, яаруу сандруу сонголт хийхгүй байх хэрэгтэй байна" хэмээн зөвлөсөн.
Иргэдийг үнийн төөрөгдлөөс гаргахын тулд нарийвчилсан судалгаа хийж, ямар барилга, аль дүүрэгт, ямар хийц загвараар, аль компани барьж байгаа талаар иж бүрэн мэдээллийг нийтэд хүргэчихвэл ийм төөрөгдөл гарахгүй юм.
Өнөө жил бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүрэгт таван давхар 10 барилга, "Үндэсний бүтээн байгуулалт" корпорацийн хүрээнд 700 айлын орон сууц ашиглалтад орох аж. Нисэх, Яармагийн чиглэлд баригдаж буй орон сууцнуудын инженерийн барилга байгууламжийг улсаас шийдвэрлэсэн бөгөөд цэвэрлэх байгууламжийн хувьд өмнө нь ашиглаж байснаа өргөтгөн шинэчлэх замаар асуудлыг шийдвэрлэжээ.
XIV хорооллын 920 айлын орон сууц ч энэ жилдээ багтан ашиглалтад орох юм байна. Энэ мэтээр нийслэлд олон газар шинээр орон сууц ашиглалтад орох бол Өвөрхангай аймагт 500, Баянхонгор аймагт 400, Говь-Алтай аймагт 300 айлын орон сууц тус тус ашиглалтад орох юм байна.
Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн найман дүүрэгт 110 мянга, хөдөө орон нутагт 22 мянган айлын орон сууц барихаар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр батлагдсан.
2010 онд 9800, 2011 онд 11 мянга, 2012 онд 11 мянган айлын орон сууц ашиглалтад орсон бол 2013-2014 онд 34 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
Иргэдийн дунд нийслэл хотод баригдаж буй орон сууцны талаарх мэдээлэл хомс байдгаас ашиглалтад орсон барилга дээр олноороо очиж үнийг нь өсгөж байгаа үзэгдэл гарч байгаа гэнэ. Энэ байдлыг цэгцлэхийн тулд холбогдох газрууд нь хамтраад нийслэлд баригдаж буй орон сууцны тооллого явуулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхээр болжээ.
Мөн мөнгө төгрөгтэй зарим хүмүүс баригдаж байгаа орон сууцыг бөөнөөр нь худалдан аваад үнийг нь өсгөж зардаг бизнес цэцэглээд байгаа аж. Барилгын компаниуд үнээ нэмэхээс илүү үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дундуур орж үнэ хөөрөгдөж байгаа гэнэ.
Түүнчлэн томоохон хөрөнгө оруулагчид барилгын салбар руу хошуурч, мөнгөө өсгөхийн тулд "найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилт дуусч байна", "орон сууцны үнэ цаашид өснө", "ипотекийн тогтолцоо удаан үргэлжлэхгүй" гэх мэт худал мэдээлэл зориуд тарааж байгааг холбогдох яамныхан нь ярьж байна.
Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн үр дүнд орон сууцны нийлүүлэлт ирэх намраас нэмэгдээд ирэхээр энэ зохиомол өсөлт буурах нь дамжиггүй. Энэ өсөлт бол түр зуурынх гэж эдийн засагчид үзэж байгаа.
2013 оны сүүлийн улиралд орон сууц худалдан авах иргэдийн тоо 15 мянгад хүрэх магадлалтай гэсэн тооцоог мэргэжлийн хүмүүс гаргажээ. Ямартай ч эдгээр иргэдийн эрэлтийг удахгүй 33 мянган орон сууц хангаад явчих боломж харагдаж байна.
Шинээр ашиглалтад орж үүд хаалгаа нээх 33 мянган орон сууцны үнэ нь одоогийнхоос 30-40 хувийн хямд байх аж. Тэгэхээр манай барилга, орон сууцны зах зээлд ийм хэмжээний хөөс байна гэсэн үг. Нийлүүлэлт бага байгааг далимдуулж ийм бизнес хийж байгаа нөхөд байрны нийлүүлэлт нэмэгдэхээр аяндаа зах зээлийн хуулийн дагуу шахагдана.
Ингэхээр ард иргэдийн дунд байгаа "Байрны үнэ өссөөр байна", "Зээл зогсох нь" гэх ярианууд түр зуурынх, зохиомол гэдэг нь ойлгомжтой байна. Барилга хот байгуулалтын яам болон бусад холбогдох газруудаас цуу үгэнд итгэж яарч сандрахгүй байхыг иргэдэд зөвлөөд 33 мянган орон сууц ирэх намраас ашиглалтад орж эхлэх учир тэр хүртэл хүлээх нь хаана хаанаа зүйтэй хэмээж байна.
Д.САРУУЛ
ӨДРИЙН СОНИН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ