Гашуунсухайт-Ганцмодыг холбох төмөр замын хэлэлцээг эцэслэж, Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо

-Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана гэв-


       Монголын улс төр төлөвшиж, Засгийн газар нь тогтвортой ажиллахын хэрээр хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, гацсаныг нь урагш хөдөлгөх болсныг хөрш орнууд, эдийн засгийн түншүүд  сүүлийн үед онцлох болов. Сонгуулийн тогтолцоогоо өөрчилснөөр нийгмийн олон салбарын төлөөллийг багтаасан 126 гишүүнтэй  парламент бүрдэж, гурван нам нэгдсэн хамтарсан Засгийн газар байгуулагдан 14 мега төсөл хэрэгжүүлэхээр болсон зэрэг нь дэвшил юм хэмээн гадаад орчинд Монголын тухай бичиж буй. Дотооддоо бол том төслүүдээ хөдөлгөх гэхээр  улс төр, бизнесийн эрх ашгаар сүлбэлдсэн бүлэглэлүүд сөрж тэмцэж, элдэв саад бэрхшээл учруулж байгаа нь нууц биш. Гэсэн ч 14 мега төслөөс гурвыг нь гараанаас гаргасан.Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ сарын 14-15-нд БНХАУ-д хийсэн айлчлал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзсан тав дахь удаагийн айлчлалаар Хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн дөрөв дэх том мега төсөл хөдөллөө.Энэ бол “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээг эцэслэж,Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрс худалдах, худалдан авах хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал юм.

       2030 он хүртэл нүүрсний экспорт  нэмэгдэж, эдийн засаг өснө

       Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ хоорондын Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжихээс гадна худалдаа, эдийн засаг болон бусад салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой. Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр 2030 он хүртэл нүүрсний экспорт 120 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш түвшинд хадгалах эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр замаар холбогдох ажил эхэлснээр бусад боомтууд (Шивээхүрэн, Ханги, Бичигт)-ыг төмөр замаар холбох боломж нөхцөл бүрдэнэ. Байршил болоод  техникийн үзүүлэлтийн хувьд, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд нийт 979 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай таван багц ажлаас бүрдэнэ. Энэ  төсөл нь нэгдүгээр  зэрэглэлийн 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19.5 км, нийт гүүрийн урт 9.35 км байх юм. Газрын байршлаас шалтгаалан 30 орчим метр өндөрт баригдах гүүрэн байгууламжтай төмөр зам баригдана. Өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно. БНХАУ-ын талаас эхний ээлжинд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулсны дараа бусад боомтуудыг төмөр замаар холбох боломж нөхцөл бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа юм.

       Хил холболтын төмөр зам болон ачаа тээврийн терминалыг 2-3 жилийн дотор барих боломжтой   

       Цаг хугацаа, улс төрийн нөхцөл байдлын хувьд ингэж таарсан ч Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын төсөл бол Хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн магнайд нь эрэмбэлэгдсэн, үүгээрээ ямар ач холбогдолтой болох нь хэнд ч ойлгомжтой.Тэр ч үүднээс арав гаруй жилийн турш улс төрийн гол сэдэв болж, гацаанд байсаар ирсэн.Энэ төслийг эхлүүлснээр Монгол Улсын “Хөгжлийн галт тэрэг”-ний гол зүтгүүр гараанаас гарна. Тийм ч учраас дотоодод олон талын эрх ашиг сүлбэлдсэн хориг саад их байв.Хэлэлцээрийг эцэслэхийн өмнөх өдрүүдэд ч УИХ-ын нэр бүхий гишүүд, зарим ТББ, холбоод Засгийн газрыг тараах, Ерөнхий сайдыг огцруулах  хөдөлгөөнийг ил, далд өрнүүлж, гарын үсэг цуглуулж эхлээд байлаа.Гэвч энэ бүхний эцэст нэг зүйл тод харагдаж байгаа нь монголчууд талцал, тэмцэл бус хөгжил, нэгдэлд илүү ач холбогдол өгдөг болсон.Үүнийг нийгэм хэт туйлшрахгүй, савлахгүй болсноос дүгнэж болно.

       Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барихаар тусгасан. Энэ чиглэлээр бүтээн байгуулалт хийдэг  Хятадын төрийн мэдлийн  компаниудтай манай улс тохиролцож чадвал төсөл ойрын 2-3 жилийн дотор хэрэгжих боломж бүрдэх юм. 

Бээжингийн өвлийн олимпоос Харбины Азийн наадам хүртэл

       Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  БНХАУ-ын Харбин хотноо хийсэн айлчлал, уулзалтын хаалганы наана, цаана цөөнгүй сэдвүүд хөндөгджээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар таван удаа уулзахад, яриа хэлэлцээ, үзэглэсэн гэрээ, төсөл хөтөлбөр  бүхэн ажил хэрэг болж хэрэгжсэн байна. Энэ түвшнээ  цаашид ч хадгалж, харилцан хүндэтгэлтэй, ажил хэрэгчээр хамтран ажиллахад санаа зорилго нэгдсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн  Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын төслийг гараанаас амжилттай гаргасандаа ташуур өгч,  цаашид сэргээгдэх эрчим хүчний чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллах яриа хэлэлцээг саяын уулзалтаар эхлүүлжээ. Түүнчлэн хийн хоолойн асуудлаар ч ойрын үед таатай мэдээлэл дуулдаж магадгүй  байна.

       Түүх сөхвөл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн анх 2022 онд  БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон  өвлийн XXIV олимпын нээлтийн ажиллагаанд оролцсоноор хамтын ажиллагааны “хаалга”-ыг нэлээд  лав нээсэн байдаг. 32 улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага тус олимпод оролцсон. Үүнээс хойш 2023, 2024 онд дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээрүүд өрнөж ирсэн юм.

        Энэ удаа тэрбээр Харбин хотноо зохион байгуулагдсан “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ын хаалтын ёслолд оролцсон юм.Энэхүү наадам бол 2022 оны  Азийн өвлийн олимпийн дараа БНХАУ-д зохион байгуулагдаж буй олон улсын томоохон наадам юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр тус наадмыг  амжилттай зохион байгуулсан Хятадын Засгийн газарт баяр хүргэлээ.

       “Азийн IX удаагийн өвлийн наадам”-д  Брунейн Султан Хажи Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулах, Киргизстаны ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Задари, Тайландын ерөнхий сайд Паетонтарн Шинаватра, Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ву Вон-шик нар  мөн хүрэлцэн ирж  оролцсон юм.

          Энэ удаагийн Харбины наадам нь Азийн орнуудыг холбох үзлийг тодотгосон буюу “Өвлийн мөрөөдөл, Ази тивийн хайр” уриан дор явагдсан. Ази тивийн 34 оны 1500 тамирчин энэ удаагийн наадамд 11 спортын 64 төрөлд оролцсон нь өмнөх наадмуудын оролцогчдын тоог давсан байна. Манай улсаас 35 тамирчин оролцсон бөгөөд жилээс жилд оролцогч тамирчдын тоо нэмэгдэж байгаа. Цаашид тамирчдын идэвхжүүлэх, амжилт гаргахад Ерөнхий сайд санаачлан сан бүрдүүлэх эхлэлийг тавьснаар, салбарын сайд Ч.Номин энэ сарын 2-нд өвлийн спортын тамирчдыг дэмжих санг эхлүүллээ.

         Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн дээрх  айлчлал, Харбины уулзалт, тэнд зурсан гэрээ хэлэлцээр дөрөв дэх том  төслөө хөдөлгөснөөр ийнхүү шинэ түүх бүтээлээ. Цаашид  өндөр дээд хамтын ажиллагаа, харилцан айлчлалын давтамжийг хадгалах, нийгэм, эдийн засгийн олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллах, тив, бүс нутаг, тэр дотроо Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдсэнээрээ онцлог боллоо.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

НӨАТ-ын сугалаа болно
Уржигдар 08 цаг 14 мин

НӨАТ-ын сугалаа болно
Уржигдар 08 цаг 14 мин