М.Лхагвагэрэл тивийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдлаа. 

Тэмцээний төгсгөлд Гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-д мөнгөн медаль хүртэв. 

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий 3 алт, залуучуудын ДАШТ-ий 2 алтан медальт Амир Реза Масоумид 6:0-ээр ялагдсан юм.

М.Лхагвагэрэлийн хувьд 2023 оны Азийн АШТ-д түрүүлсэн бол энэ жил хоёр дахь медалиа ийн авч байна. Мөн “Ханжоу-2022” Азийн наадмаас мөнгөн медаль авч байсан билээ.

М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэнээр Монголын шигшээ баг энэ жилийн Азийн АШТ-ийг 3 мөнгө, 7 хүрэл, нийт 10 медальтай өндөрлүүлж байна.

М.Лхагвагэрэлээс гадна Т.Энхжин (эмэгтэйчүүдийн 65 кг), Ц.Цогбадрах (эрэгтэйчүүдийн 65 кг) нар мөнгөн медаль хүртсэн.

Мөн эмэгтэйчүүдээс Б.Мөнхнар (50 кг), Б.Отгонтуяа (55 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), З.Болортунгалаг (72 кг), эрчүүдээс Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), О.Сүлдхүү (79 кг), Н.Батбилгүүн (86 кг) нар хүрэл медалийн эзэн болсон юм.
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ