“Чингис” цолын утга гарал

“Чингис” цолын тухай эрт эдүгээгийн олон эрдэмтэн түүх, утга соёл, хэлний талаас тайлбарласан билээ. Д.Цэрэнсодном ”Бидний санахад юуны өмнө персийн түүхч Рашид ад-Дин энэ үгийн утга санааг ерөнхийдөө оновчтой тодорхойлсон гэж үзнэ. Тэрбээр чинг гэдэг нь монгол хэлэнд бөх бат гэсэн утгатай бөгөөд уг нэр нь түүний олон тооны хэлбэр болно гэв Мөн Хар Хятаны Гүр хааны нэр ч бас л бат бэх гэсэн утгатай гээд энэ хоёр нэрийг уламжлалын холбоотой гэж үзсэн байна. Үүнээс арай өөр саналыг Б. Я. Владимирцов зэрэг эрдэмтэд хятад түүхэн сурвалж бичгээс “Монгол татарын тухай бүрэн тэмдэглэл” үндэслэн Чингис хэмээх нь тэнгэрээс заяасан буюу их онгон тэнгэрийн нэр болох хөх мөнх тэнгэр юм уу чинкер тэнгэр гэсэн үгтэй П. Пеллио холбож үзсэн билээ.
Нэрт монголч эрдэмтэн Хан Рү Лин зэрэг судлаачид Чингис гэдэг үгийг түрэг хэлний тэнггис далай гэдэгтэй гарлын холбоотой гэж үзээд тэнгис мэт асар уудам их хаан гэсэн утгатай үг гэж үздэг нэг бүлэг санал буй. Энэ саналд үгийн гарлын хувьд өөрөөр авч үзсэнээс бус түрүү түрүүчийн эрдэмтдийн их хаан буюу хааны хаан шаганшага гэдэгтэй утга ойролцоо юм. Гэтэл монгол сурвалж бичгүүдэд түүхч Рашид-ад-Дины саналыг гүнзгийрүүлсэн шинж чанартай сонирхолтай мэдээ байдгийг судлаачид домгийн зүйл гэж үзсэн болохоор одоог хүртэл гүнзгийрүүлэн судалж тайлбарлахгүй байна. Энэ нь Лувсанданзаны “Алтан товч”, “Хураангуй алтан товч”, Саган Сэцэний “Эрдэнийн товч”, “Чингис хааны цадиг”, “Монгол боржигин овгийн түүх” зэрэг сурвалж бичгүүдэд өгүүлдэг адилавтар домгийг хэлж байгаа юм.
Бид энэ домгийн үйл явдлыг танилцуулах зорилгоор “Лу. Алтан товч”-оос сийрүүлье. “Чингис хаан төрөөд долоо хоносны хойно далайн хойг дотор харавтар шувуу гүр хар чулуун дээр наран зөвшөөрөхүй эргэж гурван өдөр донгодов. Ёсүхэй баатар энэ нэгэн бэлгэт шувуу болов хэмээж хар чулууг хагалж үзвээс алтан тамга үзэгдээд нисч гарав. Мөн тэр чулуу урьдын ёсоор бүтэж тэр шувуу бас тэр шувуу бас донгодвоос Есүхэй баатар өгүүлрүүн: Энэ хөвгүүн төрөөд энэ харавтар шувуу нэгэн бэлгэт буй” гэж бас тэр чулууг хагалж үзвээс хасбуу тамга ажгуу. Авч ирж ариунаа хүндэлж хүж зул түлж суун атал тэр харавтар шувуу өрх нь дээр нь суугаад “Чингис Чингис” гэж донгодов. Тэр шувууны дуу гарсан шалтгаанаар Чингис хаан хэмээн нэрийдсэн тийм бүлгээ” гэжээ. Энэ домгийн өгүүлэмжээс Чингис гэдэг үгийг хүн төрөлхтөний эрт балар цагаас эрхэмлэн дээдэлсээр ирсэн чулуутай холбож өгүүлсэн нь гойд анхаарал сонирхол татаж байна. Чулууг хүн төрөлхтөний амьдралд олон мянган жилийн тэртээгээс хөдөлмөрийн багаж, дайснаас амь биеэ хамгаалах зэр зэвсэг болсоор ирсэн тул түүнийг тэнгэрээс бууж ирсэн ер бусын зүйл гэж үздэг домог үлгэрийн ойлголт ч буй билээ.
Чухам энэ утгаар чулуу тэнгэрээс бууж ирсэн нэг домгийн ёсоор үзвэл бидний ажиглалтаар “Чингис” гэдэг нэр нь чулуу гэсэн үгнээс гаралтай бол Сүн улсын Жү Гүнгийн бичсэн Монгол татарын тухай бүрэн тэмдэглэл гэдэг зохиолд чингис хэмээгч нь тэнгэрээс заяасан гэсэн утгатай гэж хэлсэн нь монгол хийгээд эвенкийн домог үлгэрт чулуу тэнгэрээс бууж ирсэн гэдэг ойлголттой яг авцалдаж байгаа юм. Чингис гэдэг нэрийг чулуу хэмээх үгээс гаралтай гэж үзэж буй учир шалтгааныг товч өгүүлье. “Алтан ордны голомтын их өчиг”-т “Чин төмөр эцэгт Чингис чулуун эхт Хатан төмөр эцэгт Хайр чулуун эхт” гэж шүлэглэхдээ гал гаргач хэт цахиур хоёрыг читн төмөр чингис чулуу хатан төмөр хайр чулуу хоёроор адилтган дүрсэлсэн байна. мөн энэ санааг гал тахих ёсон хэмээх ерөөлд “Хайр чулуун эхт Хатан төмөр эцэгт Чин чулуун эхт Чингил төмөр эцэгт” гэж шүлэглэсэн буй. Энэ хоёр бадаг шүлгийг харьцуулж үзвэл, эхний шүлэгт төмрийг галын эцэг чулууг цахиурыг галын эх гэж үзсэн бол хоёр дахьд чулууг галын эх төмрийг галын эцэг гэж байр сольж хэлснээс өөр онцын ялгаа үгүй юм. Харин хоёр дахь шүлгийн гурав дөрөвдүгээр мөрний чин чиигэл гэдэг хоёр үг сольсон байдалтай санагдана. Учир нь бидний бодлоор Чингил хэмээх нь Чингис гэдгийн ганц тооны буюу мөн хад чулуу гэмсэн үг болно. Эртний монгол хэлний чулуу чингил чингис эртний түрэг хэлнд таш гэдгийн аль аль нь чи язгууртай болохыг бид бэлхнээ үзэж болно. Чингис гэдгийн ганц тооны чингил чингэл гэх нь эдүгээгийн олон монгол хэл аялгууны зарим нэгэнд хадан хавчил, ганга, ирмэг гэсэн утгаар тохиолдож байна. Тэрчлэн орчин үеийн монгол туулийн судлалын мэдээ сэлтээс үзэхэд “Хан Чингил”, “Хаан Чингил баатар”, “ Хан Цэнгэл тайж”, “Догшин шар Чингэл” гэсэн хэлбэрээр гарч байгаагаас үзэхэд энэ үг хүлэг баатар эрсийн нэр болж ирсэн эртний уламжлалтайг гэрчилж байна.
Профессор Г. И Рамстедт хуучин Ханд чин вангийн хошуунаас “Хаан Чингист Богд” хэмээх жижгэвтэр тууль тэмдэглэж авчээ. Энэхүү Чингис хэмээх нэр нь бидний дээр өгүүлсэн Чингил гэдгийн нэгэн адилаар туулийн баатрын нэрээр гарч буй нь тун сонирхолтой агаад энэ хоёр нэрийг холбож үзэх бас нэг шижим болж байгаа юм. Ялангуяа Чингис гэдэг үг нь орчин цагийн монгол хэлний Чингэлтэй гэдэгтэй ойролцоо хэлбэрээр Чингист гэж хадат чулуут гэсэн тэмлдэг нэрийн маягаар гарч байгаа нь анхаарл таьтаж байна. монгол түүхэн сурвалж бичгүүдэд чингис гэдэг нэрийг шувуу өгсөн мэт өгүүлсэн нь бас утга учиртай зүйл бололтой. Тэнгэрийн бошог зөарлигийг биелүүлэхээр хурмастын орноос ирсэн элч төлөөлгч нь нэгэн сонин содон өнгөт шувууны дүрээр гардгийг бид Гэсэрийн туужийн үйл явдлаас мэднэ.
Чухам хэрэгтээ Чингис гэдэг нэрийг шувуу өгсөн бус тухайн үед монгол аймгуудын голлон шүтэж байсан бөөгийн шашны төлөөлөгч өөрсдөө тэнгэрийн зарлигийг дамжуулагч гэж үздэг заарин бөө нэр өгсөн байж болзошгүй юм. Учир нь Рашид ад-Дины зохиолд “Хөхүчү буюу монголчуудын нэрлсэнээр Тэв тэнгэр бөө Чингис хаанд бурханы зарлиг ёсоор чиний нэр ийм байх ёстой гэж энэ нэрийг өгсөн” гэж тэмдэглэжээ. Үүнтэй холбогдол бүхий бас нэг сонин ойлголт галын тахилгын биигт байдгийг авч үзье Ц. Дамдинсүрэнгийн хэвлүүлсэн “Зуун билиг”-т орсон “Гал тахих ёсон” гэдэг бичигт “Цагаадай бөөгийн цахьсан Цангил удганы үлээсэн Торгон царайт Тосон амьт Өөхөн амьт Гал галайхан эх гэсэн байхад Х Буянбатын “Монголын бөөгийн шашны учир” гэдэг зохиолд иш татсан хувилбарт Цагаадай бөөгийн цахьсан Чингис удганы үлээсэн гэх зэргээр өгүүлжээ. Галын тахилгын энэ шүлэгт бидний дээр холбон өгүүлсэн чингил цангил чингис хоёрыг адил утгаар хэрэглэсний дээр энэ хоёр үгийг удганы нэр болгон өгүүлсэн нь маш сонин бөгөөд бидний бодлоор энэ нь Рашид ад- Диний дээр өгүүлсэн мэдээтэй холбогдож байна. өмнө өгүүлсэн баримт сэлтээс дүгнэж хэлбэл, монгол түүхэн сурвалж биягүүдэд харавтар шувуу гүр хар чулуун дээр суун жиргэж дараа нь дараа нь бас чингис чингис хэмээн донгодсон гэх нь чухам чингис гэдэг маань гүр хар чулууны нэр юм гэдгийг ёгт аргаар тайлбарлаж хэлсэн нуттай баримт мөн болно” гэжээ.
Дээр өгүүлж буй бүхнээс “Чингис чулуун эхт” гэдгийн тухайд бид, энэ нь Д.Цэрэнсодном гуайн бодсон шиг “чулуу” гэсэн үг огт бус, харин “чин төмөр, хатан төмөр, хайр чулуу” хэмээн дурдаж байгаагийн төмөр болоод чулууны хатуу шинжийг заасан тодотгол гэж ухаарч буй билээ. Тэгэхээр Чингис бол чулуу гэсэн үг бишээ. Нөгөөтэйгүүр халимаг аялгууны тольд “Чингис модон” гэсэн үг бүртгэгдсэн нь нэгэн зүйл хатуу чанарын модыг нэрийдсэн нь магадтай. Иймд Чингис хэмээх үгийг эрхбиш чулуу, төмөр мод зэрэг олон зүйлийг төлөөлж болох тэмдэг нэр гэж үзмээр санагдана.
С.Калужинский В.И. Рассадин нар якут хэлний “Чингис” хэмээх үг монгол хэлнээс зээлэгдэн орохдоо “хатуу, чанга, догшин” гэх утгатай болсон хэмээсэн нь нэн сонирхолтой байна. Эрэнжин Хар Даваан энэ нэрийг халимаг аялгууны “Чингэ” (хатуу чанга) -тэй адилтгасан бол И. де Рахевильз “Далай хаан” гэж үзсэнээс хатуу догшин хэмээх нь хавьгүй ончтой, тиймийн учир монгол, түрэг хэлний хатуу гэдэг утгатай “чиниз-чин”-ээс уг үгийг гарлыг эрэлтэй гэхчлэн өгүүлдэг аж. Харин Захчидцэцэн “чанга, чинггис” гэсэн хоёр үг авиа сэлгэж бүтжээ гэж дурдсан байна.
Орчин цагийн ойрд аялгууны “чинги” (хатуу) зэргийн жишээг ч мөн “Чингис” цолтой холбоотой гэж тооцож болмоор. Д.Бадамдорж “чинар, чинэгэ, чингга, чину-а” тэргүүтэй олон үгийг чансааны утгатай хэмээн тодорхойлсон нь дээрх лүгээ бас л тохирч байна. Үүнээ “Чингис” цол нь хатуу чанга догшин гэсэн утгатай нь дан ганц хэлний талаас төдийгүй монголчуудын ертөнцийг үзэх үзлээр ч илэрч байгааг Дорж Банзаровоос аваад Буянбат хүртэлх судлаачид Монголын бөөгийн шашны Хажир Чингис тэнгэр гэдэг догшин шүтээнээс ургуулан тайлбарлажээ.
Г.И.Рамстедт урьд бидний дурддаг мөнөөхөн “Чингис модон” (бут, бургас) гэдэг үгээ монгол хэлний “чангис”, койбалыш хэлний “санус”-тай холбон үзсэн нь үгийн гарал түүхэн бүтээвэрзүйн хувьд тун мэргэн нотолгоо болсон байна. Яагаад гэвэл монгол хэлний “чингги-” нөхөцмөл үндэс нь “чинг-, чингга-, чина-, чинэ-, чингка-, чангки-”-тай төрөлсөх төдийгүй, “чанга, хатуу, чадалтай” гэх мэт утга илтгэдэг “чинг, чингга, чинггагаку, чингда, чинар, чинэкү, чинэгэ, чингка, чангкийику” зэрэг үгнээ тохиолдох юм. Түүнчлэн, “Чингис мод” нь халимаг аялгуунд бут бургасыг зааж буй нь эргээд монголчуудад нэн түгсэн мод онгоныг шүтэх ёстой далдуур утга ижилдэх юм биш байгаа гэж бодно.
М. Ууганбаяр /доктор МУИС Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн салбар, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ