Оросын “SSJ-100” онгоц аянганд цохиулан шатаж 41 хүн амь үрэгджээ


Оросын “Аэрофлот” компанийн Москва-Мурманск чиглэлийн бүхээгтээ 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн бүхий “Sukhoi Superjet 100 (SSJ-100)” онгоц хөөрөөд удалгүй шатаж эхэлсэн тул нисэх багийн ахлагч Москвагийн Шереметьево нисэх буудалд эргээд яаралтай буухаар шийдвэрлэжээ. 

Нисэх буудлаас 17.50 цагт хөөрсөн “SSJ-100” онгоц эхний оролдлогоор бууж чадаагүй бөгөөд хоёр дахь оролдлогоор маш хүчтэй газардсан байна. Буултын үед онгоцны дугуйнуудын бэхэлгээ эвдэрч, хэлтэрхийнүүд нь хөдөлгүүрт орсоноор түймрийг улам өдөөж, улмаар шатахууны савнууд дэлбэрчээ. 

Ослын улмаас 41 хүн, үүний дотор нисэх багийн нэг гишүүн амь насаа алджээ. Онгоцны тал нь тэр чигтээ шатсан аж. Онгоцны үйлчлэгч Максим Моисеев шатаж буй агаарын хөлгөөс зорчигчдыг гаргаж, амь насыг нь аврахын тулд онгоцны хаалгыг онгойлгохыг оролдон, улмаар амиа алдсан талаар нисэх багийн гишүүд ТАСС-т мэдээлжээ.

Нисэх багийн ахлагчийн Денис Евдокимовын хэлсэнээр, онгоц хөөрөөд удалгүй аянганд цохиулж, радио холбоо хэсэг хугацаанд тасарч, гар жолоодлогод шилжихэд хүргэсэн байна.   

Оросын Засгийн газар амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, нөхөн төлбөр олгохоо мэдэгджээ.

Б.Туг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ