“Би шатаж байна” гэж хэлсэн Гагарины сүүлчийн үгийг яагаад нуудаг байсан бэ?
Юрий Гагарин гэдэг хувь хүн өч төчнөөн дуулиантай, гэхдээ үнэн гэхэд итгэхэд бэрх элдэв ярианд өртөж явжээ. Гэвч анхны сансрын нисэгчийн амьдралын зарим бодит баримт үүнээс дутуугүй сонирхол татдаг байна.
Хатуухан шаардлагатайгаасаа болоод...
1955 онд Юрий Гагарин Оренбургийн нисэхийн дунд сургуульд элсэн оржээ. Багш нар нь түүнийг өөрийн бодлыг хамгаалахаас эмээдэггүй, өөртөө итгэлтэй залуу гэж тодорхойлж байжээ. “Ажиллах” гэдэг нь түүний хэлэх дуртай үг байсан гэдэг.
Өөртөө болоод бусдад хатуу шаардлага тавьдаг байснаас асуудал үүсдэг байжээ. Гагариныг салаан захирагчийн туслах байхад захирагдагсад нь нэг удаа түүнийг зодсон гэнэ. Түүний хэтэрхий хатуу шаардлага тавьдагаас ингэсэн байх гэцгээдэг аж. Энэ явдлаас болоод Гагарин эмнэлэгт бүтэн сар хэвтэхэд хүрч байжээ.
Намхан нуруутай байснаас
Нисэхийн сургуульд сурч байхдаа Гагарин нисэх онгоцоо буулгахдаа удаан хугацаагаар будилдаг байжээ. Нисэхийн клубт явж байхдаа хангалттай олон цаг нислэг үйлдэж байгаагүй нь нөлөөлсөн байх л даа. Бүх хичээлдээ онцсайн дүн авдаг байсан ч, сургуулийн удирдлага түүнийг сургуулиас хөөхийг шаарддаг байсан байна. Гэвч сургагчийн хүссэнээр, Гагариныг нэмэлт бэлтгэл сургуулилт хийхийг яалт ч үгүй зөвшөөрчээ.
“Бүх асуудал сурагчийн намхан нуруунаас (165 см) болсон байж болох талтай ч энэ нь харах өнцөг өөрчлөгддөхөд нөлөөлдөг” гэж сургуулийн дарга сүүлд нь хэлсэн байдаг. Дараа дараачийн нислэгийн үед түүний дор нь зузаан ивээс тавьж өгснөөр суудлыг нь өндөрсгөж ирээдүйн сансрын нисэгч нисэх онгоцоо маш сайн буулгах боломжийг бүрдүүлсэн байна.
Эндүүрэл гаргахгүй гэхдээ
Сансрын нисэгч Гагарины өмсгөлийн малгайн дээр “СССР” гэсэн бичээс нэг бол харагдаж, нэг бол алга болдог байсныг олон хүн анзаарсан гэдэг. Энэ бичээсийн үүх түүх одоо болтол бүрэн тодорхой болоогүй л байгаа аж. СССР гэсэн товчилсон үгийг бүр өмнө нь бичсэн гэж олон хүн хэлдэг байна.
Бичээсийг хамгийн сүүлчийн агшинд бичсэн гэж “Восток-1” хөлгийг хөөрөхөд байлцсан туршин нисэгч Марк Галлай ярьж байжээ. Түүний хэлснээр, Гагариныг сансрын хөлгийн буудал руу явахаас 20 минутын өмнө дарга нар нь Америкийн нисэгч Фрэнсис Пауэрсийн тагнуулын нислэгийн тухай гэнэт санаж, малгай дээр нь нөгөө үсгүүдийг бичихээр шийдсэн хэмээн үздэг. Ингэхдээ Гагарины малгайг тайлуулалгүйгээр яаруу сандруу бичжээ.
Юмыг яаж мэдэхэв гээд
“Восток-1” хөлгийн нислэг бүрэн автомат горимтой байсан нь өнөөдөр бүрэн тодорхой юм. Гэхдээ жингүйдлийн нөхцөлд сансрын нисэгч ажиллах чадвараа хадгалж чадна гэсэн баталгааг мэргэжилтнүүдийн хэн нь ч өгч байгаагүйтэй холбоотой гэнэ. Гагарин зайлшгүй шаардлагатай нөхцөлд, хөлгийн гар удирдлагыг идэвхижүүлэх боломж олгох кодыг ч яалт ч үгүй авчээ.
«Формула» уралдааны үеийнхнээс ч хурдан
“Восток-1” хөлгийг хөөрөхийн өмнө бив битүү байдлыг шалгах явцад нээлхийн мэдрэгч шаардлагатай дохио өгөөгүй байна. Хөөрөхөд маш бага хугацаа үлдсэн учир, уг гэмтэл нь улс орны хувьд маш чухал нислэгийг хойшлуулахад хүргэж мэдэх байжээ.
Тэгээд “Восток-1”-ийн тэргүүлэх зохион бүтээгч Олег Ивановский хэсэг механикчийн хамт өөрсдийн бүх ур чадварыг харуулахад хүрсэн гэдэг. “Формула-1” уралдааны өнөөдрийн механикчид ч атаархамаар хэдхэн минутын хугацаанд мэргэжилтнүүд 30 эргийг суллаж, мэдрэгчийг засаад, нээлхийг дахин хаасан гэж болсон явдлыг харсан хүмүүс ярьдаг байж. Тийнхүү сансрын хөлөг товлосон цагтаа хөөрчээ.
“Би шатаж байна, баяртай!”
Буугч аппаратыг агаар мандалд орж ирэх үед Гагарин удаан хугацаагаар чив чимээгүй байжээ. Дараа нь тэр: “Би шатаж байна, баяртай, нөхөд өө!” гэж хашигарсан байна. Агаар мандлын нягт давхаргад орж ирэх үед хөлөг ямаршуухан байдалтай харагдах тухай төсөөлөл Гагаринд үнэхээр байгаагүй аж. Тэр буугч капсулын гадна тал шатаж байгааг нээлхийгээр хараад, үнэхээр аймшигтай юм болж байна хэмээн бодсон нь мэдээж. Харин дараа дараачийн сансрын нисэгчид энэ сэтгэл догдлом сүртэй үзэгдэлд нэгэнт бэлтгэлтэй болсон хэрэг.
Худал хэлэхээс аргагүйд хүрчээ
Сансрын “Восток” цувралын хөлгүүдийг бүтээхдээ сансрын нисэгчийг буугч капсултай хамт буулгахаар төлөвлөөгүй байна. Аппаратыг аюулгүй газардах боломж олгодог зөөлөн буулт хийх хөдөлгүүр байхгүй байжээ. Үүнээс гадна, хэт их температурын нөлөөгөөр нээлхийн таг зүгээр л гагнагдчихна хэмээн зохион бүтээгчид айж байжээ. Тиймээс барагцаалвал 1500 метрийн өндөрт сансрын нисэгч буугч капсулаас шидэгдэх ёстой байсан байна.
Гагариныг хөлгийн бүхээгтээ бууж ирээгүйтэй холбогдуулан Олон улсын агаарын нислэгийн холбоо түүний нислэгийн дээд амжилтыг бүртгэж чадаагүй аж. Зөвлөлтийн талын төлөөлөгчид ов зохиож, анхны сансрын нисэгч буугч капсултайгаа газардсан хэмээн зарлахад хүрсэн байна. Гэвч ЗСБНХУ хөлөг хэрхэн газардсан жинхэнэ баримтыг 1964 онд л албан ёсоор зарлажээ.
Мөнгөгүй, жолооны үнэмлэхгүй
Ийм нэгэн сонирхолтой баримт байдаг. Дээд ангиллын нисгэгч, анхны сансрын нисэгч маань сансарт нисэхээсээ өмнө машин жолоодож чаддаггүй байж. Гэвч энэ нь техникийн дэвшлийг шохоорхоход нь Гагаринд саад болоогүй байна. Сансарт нисэхээсээ өмнөхөн тэр 8000 рублийн үнэтэй ГАЗ-12 (ЗИМ) гэдэг гоё машин худалдаж авчээ. Хэрвээ сард 150 рублийн цалинтай байсан гэвэл, ирээдүйн сансрын нисэгч хаанаас ийм үнэтэй машин худалдаж авах мөнгөтэй болсон юм бол? Нисэгч хүссэн машинаа авахын тулд сансарт ниссэнийхээ дараа төлчихнө хэмээн найдахдаа, мөнгө зээлсэн юм гэж зарим хүн ярьж байжээ.
Домогт нислэгийн дараа Гагарин нийтийн жишигээр жолооны шалгалт өгч, удалгүй засгийн газраас “Волга” ГАЗ-21 машин бэлгэнд авсан байна. Ингээд 1963 онд Гагарин зам тээврийн осол гаргажээ. Юрий Алексеевич улаан гэрлээр гарч, хуучин “Победа” машиныг мөргөжээ. Гэвч бүх юм зүгээр өнгөрсөн байна. Хэргийн газарт ирсэн автын байцаагч мэдээж анхны сансрын нисэгчийг таниад, бүх ард түмний хайртайг хүүг хүрэх газарт нь хүргүүлэхээр замын машинд суулгасан гэдэг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ