Энэ жилийн хавар, зуны эрэгтэйчүүдийн моодны найман хандлага
“Cosmopolitan” сэтгүүл уг нь эмэгтэйчүүдэд зориулагдсан төрөлжсөн сэтгүүл. Гэтэл чухам энэ сэтгүүлд 2019 онд эрчүүд ямар хувцас өмсөх нь зохилтойг заажээ. Эрчүүд тэдний нүдэнд л ямар харагдах нь чухал тул үүнийг үл ойшоож бас болохгүй гэлтэй. Юутай ч юу гэж бичсэнийг нь сонирхьё.
1.Богинодсон өмд
Индүүдлэгэтэй сонгодог даавуун өмд байсан ч хамаагүй, ноднин жилийнхээсээ өндөр болж суга өссөн юм шиг харагдуулах богинодсон өмд байвал энэ жилийн жинхэнэ моод гэнэ дээ. Ямар өмд байх нь энд хамаагүй аж. Жийнс, жоггер, хилэн өмд аль нь байсан хамаагүй. Богинодсон гэх нийтлэг трендэд л нийцэж байвал болох юм байна.
2.Тод ялгагдах контрасттай зураг хээтэй богино ханцуйтай цамц
Сүүлийн хэдэн жилд эрчүүдийн богино ханцуйтай цамцнууд улам сонирхолтой болж байгаа аж. Өнгөлөг хийсвэр хээ, ширэнгэн ойн сэдэв бүхий зурагнууд гээд л... Энэ жил ч ялгаагүй өвөрмөц, нүдэнд тусах контрасттай зураг хээтэй богино ханцуйтай цамц жинхэнэ эр хүнийг тодотгох юм байх аа...
3.Өргөн зураастай пижак хүрэм
Өргөн зураастай пижак дэндүү өдөөн хатгасан, бүр танхай харагддаг гэж та бодож байна уу? Хол цаашаа! 1950-иад онд хувийн хөлөг онгоцондоо өмсөн бусдын өмнө хэн болохоо яруу тодоор харуулдаг байсан ичгүүргүй шинэ баячуудын моод 2019 онд эргэн ирж байгаа гэнэ.
4. Хуниастай шуумагтай өмд
1950-1960-аад оноос 2019 он руу хүчтэй түрэн орж ирэх эрэгтэй моодны өөр нэг хандлага гэвэл доороосоо хуниастай өмд. Гэхдээ ийм өмд туранхайвтар эрчүүдэд зохидгийг анхаарах нь зүйтэй аж.
5. Уранхай хуучивтар харагдах жийнс
Хэрэв таны жийнсэн өмд юм уу хүрэм 50 удаа угаагдсан, он удаан олон жил наранд гандсан юм шиг харагддаг бол тэр тусмаа сайн гэнэ. Өнгө нь цэнхэр, индиго байна уу, хамаагүй. Гол нь элэгдсэн, энд тэндээ урагдсан л бол моод.
6. Хэт урт богино өмд
Өвдөг халхалсан хэт урт богино өмд дэлхийн бүх моодны брэндийн цуглуулгад орж, зөвхөн зуны богино цамц бус ажил хэрэгч хүрэм, урт ханцуйтай цамцтай хосолж буйг анхаарна уу.
7. Хөвөн даавуун өргөн өмд
Энгийн боловч ийм өмд одоо жинхэнэ трэнд гэнэ дээ. Ийм өмдийг ямар ч цамцтай хослуулж болох аж. Ямартай нь гэдгийг сонгож чадвал гоо зүйн мэдрэмжтэйгээ тодотгож чадах юм байх.
8. Янз бүрийн уриа лоозон бүхий футболк
2019 онд хошигнол, ёжлолтойгоор өөрийн үзэл бодол, амьдралын зарчмаа дэлхий ертөнцөд мэдэгдэх нь бас л моод гэдгийг бодолцоно уу. Тэр бүхнээ илтгэсэн футболкгүй эрчүүд энэ хавар, зун олны нүдэнд харагдахгүй нь дээр гэнэ дээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ