Назарбаевын охин Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
Казахстаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Касым-Жомарт Токаев тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 9-нд явуулах зарлиг гаргасан билээ. Тэгвэл Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын том охин, парламентын дээд танхимын дарга Дарига Назарбаева сонгуульд нэр дэвшихгүй гэж түүний туслах Сауле Мустафаева мэдэгджээ.
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев сайн дураар албан тушаалаасаа огцорсон билээ. Үүний дараа түүний түүхэн үүргийг мөнхлөх үүднээс тус улсын нийслэл Астанагийн нэрийг Нурсултан гэж өөрчилжээ.
Нурсултан Назарбаев гурван охинтой аж. Дунд охин Динара Кулибаева нөхөр Тимур Кулибаевын хамт тус улсын тэргүүлэгч компаниудын хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг байна. Бага охин Алия Назарбаева киноны продюсер бөгөөд өнгөрсөн жил утга зохиол, урлагийн салбарт Казахстаны төрийн шагнал хүртжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ