Венесуэлд онц байдал зарлав
Венесуэлийн парламент буюу Үндэсний ассамблей өөрийгөө Ерөнхийлөгч гэж зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжин тус улсад онц байдал зарласан тухай “AFP” агентлаг мэдээлжээ.
Онц байдлыг энэ сарын 7-ноос эхлэн цахилгаан түгээлт тасалдах болсонтой холбогдуулан 30 хоногийн хугацаатай зарласан байна. Парламентийн энэхүү тогтоолын дагуу Венесуэлийн зэвсэгт хүчин төрийн өмчийн “Corpoelec” эрчим хүчний компанийн объектууд болон албан хаагчдыг хамгаалалтдаа авах ажээ.
Үүнээс өмнөхөн Хуан Гуайдо мэдэгдэл хийхдээ Үндэсний ассамблей улс оронд онц байдал тогтоосноор бусад орноос тусламж авах боломж нээгдэнэ гэжээ.
Венесуэлийн 24 мужийн 23-т цахилгаан түгээлт доголдож байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын зүгээс хийж буй “цахилгааны дайн” гэж нэрлэсэн юм. “Corpoelec” компани Боливар муж дахь “Эл Гури” усан цахилгаан станцад гарсан ослыг хорлон сүйтгэх ажиллагааны үр дүн гэсэн бол Мэдээлэл харилцааны сайд Хорхе Родригес усан цахилгаан станцыг АНУ-ын кибер довтолгоонд өртсөн гэж мэдэгдсэн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ