Этиопт “Boeing 737” онгоц сүйрч 35 орны 157 иргэн амь үрэгджээ


Кенийн Найроби хот руу нислэг үйлдэж байсан “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737” онгоц Этиопийн Дебре Зейт хотын ойролцоо сүйрч бүхээгт нь байсан экипажийн найман гишүүн, 35 орны 149 иргэн бүгд амь үрэгдсэн тухай “АР” агентлаг уламжиллаа.

“Ethiopian Airlines” компанийн төлөөлөгч мэдээлэхдээ, орон нутгийн цагаар 08:30-д хөөрсөн “Boeing 737” онгоцтой 08:44-д холбоо тасарчээ. Тус онгоцонд Кенийн 32, Канадын 18, Этиопийн ес, Итали, Хятад, АНУ-ын тус бүр найм, Их Британи, Францын тус бүр долоо, Египетийн зургаа, Нидерландын тав, Энэтхэг, Словакийн тус бүр дөрөв, Австри, Оросын тус бүр гурав, Марокко, Испани, Польш, Израилийн тус бүр хоёр иргэн зорчиж байжээ.

Тэдгээрээс 19 нь НҮБ-ын салбар байгууллагуудын албан хаагчид байсан аж. Мөн Словакийн парламентийн гишүүн Антон Грнкогийн эхнэр, хүү, охин гурав амь үрэгджээ.

Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй бөгөөд олон орны төрийн тэргүүнүүд ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлсээр байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ