Венесуэлд гэрэл цахилгаан ирээгүй л байна
Өнгөрсөн бямба гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог дэмжсэн цуглаанд 20 мянга хүрэхгүй хүн оролцжээ. Сөрөг хүчний цуглаан ч тайван болж өнгөрсөн байна. Гэрэл цахилгаан байхгүй байгаа ч, нийслэл Каракас хотын байдал тайван хэвээр байгаа ажээ.
Засгийн газрын тал баримтлагчдын цуглаан амгалан тайван байдал хийгээд ирээдүйгээ бие даан тодорхойлох тус орны эрхийг хамгаалах уриан дор болсон байна. Засгийн газрын тал баримтлагчдын цуглаанд оролцогчдын тоо энэ удаа сөрөг хүчний цуглаанд оролцогчдын тоотой ойролцоогоор адилхан байжээ. Түрүүнд нь сөрөг хүчний цуглаан, жагсаалд илүүтэй олон хүн оролцож байсныг хэвлэлд тэмдэглэж байна.
Энэ завсар тус оронд томоохонд ордог усан цахилгаан станцад осол гарснаас болоод гуравдугаар сарын 7-нд Венесуэлд эрчим хүчний хямрал үүссэнээр Каракас хотын метроны бүх станц хаагджээ. Нийслэлд нийтийн тээвэр ачааллаа даахгүй шахуу болж байна.
Каракас хотын ойролцоох олон улсын нисэх буудал цахилгааны тасалдлаас болоод ноцтой бэрхшээлтэй тулгарч байгаа ажээ. Олон нислэг хойшлогдсон байна. Нисэх буудлын танхимуудад цахилгааны нөөц эх үүсгэвэрүүдийн хүчинд цахилгаан тогтмол ирж байгаа ч, дараа нь дахин тасарч харанхуй болдог байна.
Зочид буудлуудад цахилгааны нэмэлт эх үүсгэвэр ажиллаж байгаа ч, нөөц нь хэдхэн хоногт хүрэлцээтэй ажээ. Венесуэлчүүдийн гэр оронд гэрэл цахилгаан төдийгүй, ус ч үгүй байна.
Нийт орны хэмжээнд цахилгааныг ингэж таслаж чадах технологи АНУ-ын эрх баригчдад бий гэж Венесуэлийн ерөнхийлөгч бямба гарагт мэдэгджээ. Цахилгааны хангамжийг сэргээх ажил үргэлжлэн хийгдэж байгаа ч, ээлжит кибер халдлага энэ ажилд саад болж байга гэж тэд үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ