Ж.Батзандан:МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэл үргэлжилж байна
Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан тэргүүтэй УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тэд МАНАН бүлэглэлтэй тэмцэх тэмцэл үргэлжилж байгааг хэллээ. Eрөнхийлөгчийн санаачилсан хуулийг энэ 7 хоногт батална гэж амласан учраас суултаа хойшлууллаа. Гэтэл парламентээр хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулна гэж амлачихаад долоонд буюу пүрэв гарагт хуралдах чуулганы хуралдаанд оруулсан байна. Үүнийг бид эсэргүүцэж байна.
Хэрэв УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй бол бид дараагийн тэмцлээ Их тэнгэрт очиж хийнэ. Тэнд өлсгөлөн зарлаж, суулт хийнэ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэл үргэлжилж байна. Шаардлагатай бол 100 мянга болоод эргээд ирье гэж ард түмэн хэлсэн. Энэ долоо хоногийн жагсаал цуглаанд бэлтгэж байсан ч дараагийн долоо хоногт болгож хойшлууллаа. Үүний учир нь УИХ-ын дарга энэ пүрэв гаригт УИХ-ын даргыг огцруулах Ерөнхийлөгчийн хуулийн төслийг батална гэж амласан, өөрөө Төрийн байгуулалтын байнгын хороонд орж ирж буулт хийсэн юм. Ордон дотор нууц тохиролцоо яваад байна уу гэсэн хардлага бий. МАНАН-гийн 27 гишүүн дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг дээр гүйгээд нэр усаа гаргаад явж байна.
Дараагийн УИХ-ын даргыг МАНАН-гаас томилуулна гээд Ерөнхийлөгч, Засгийн газрыг шантаажилж байна. Биднийг мөн шантаажилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгож өгөхгүй бол энэ хуулийг чинь хойшлуулна гэж балай юм аа ярих боллоо. Н.Номтойбаярыг сайд болгож өгөхгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэнэ. Нөгөө л шантааж хийдэг МАНАН-гийн аргаа хэрэглэж эхэлсэн. Бид МАНАН бүлэглэлтэй тохирохгүй гэж ганцхан зарчим баримталж байгаа. МАНАН бүлэглэлтэй тохиролцож УИХ-ын даргыг томилохгүй. Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт УИХ-ын даргыг огцруулах хуулийг нэгдүгээрт оруулна гэж амласан. Гэтэл одоогийн байдлаар долдугаарт оруулчихсан байна. Энэ долоон асуудлыг хэлэлцэж байгаад пүрэв, баасан гаригийг дуусгаад дараа долоо хоног руу шидчихэж магадгүй. Л.Болд, Ж.Батзандан нар намаас гарсан учраас АН албан ёсоор бүлэггүй болсон. УИХ-ын дарга чуулган дээр бүлэг тарсныг зарласнаар бүлэг тардаг.
Гэтэл өнөөдрийг хүртэл М.Энхболд АН-ын бүлгийг тарсанд тооцоогүй. Улмаар тарсан бүлгээр завсарлага авахуулж чуулганыг улам хойшлуулж сунжируулж байгаа. Яагаад гэхээр АН-ын бүлгийн дарга МАНАН бүлэглэлийн толгойлогчдын нэг. Багануурын цахилгаан станцын эрхийг хятадуудад өгсөн хүн. Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авах ажлыг зохион байгуулсан хүн. Өөрөөр хэлбэл, АН-ыг МАНАН-гийн гал хамгаалагч болгож, тарсан бүлгийг тараагүй болгож жүжиг тоглож байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлагдах хүртэл, М.Энхболдыг огцрох хүртэл, уул уурхайн ордуудаа авах, шударга бусын хонгил нурах хүртэл тэмцэл үргэлжилнэ” гэлээ.
Д.Оюун-Эрдэнэ: 3 дахь жагсаал урсгалаараа ордон луу дайрч орох хэмжээнд очих байх. Гэхдээ 3 дахь жагсаалаас өмнө асуудал шийдэгдчих байх. Би хэзээ ч МАНАН бүлэглэлээс уучлал гуйхгүй. Ямар ч тохиролцоо хийгээгүй харин энэ 7 хоногт хуулиа батлах ёстой. Цагтай мина явж эхэлсэн. Хугацаандаа хуулиа батлахгүй бол мина дэлбэрнэ гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ