Хар арьстнуудыг хангалтгүй оюуны чадамжтай гэсэн Нобелийн шагналтны цол хэргэмийг хураажээ
Анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн биологич Жеймс Ватсоны удирдаж байсан “Cold Spring Harbor” лабораториос түүнд олгосон Гавьяат удирдагч, Оливер Грейсийн нэрэмжит гавьяат профессор, хүндэт халамжлагч зэрэг бүх цол хэргэмийг хураахаар шийдвэрлэжээ. Энэ тухай тус лабораторийн цахим хуудсанд мэдэгдсэн байна.
Өдгөө 90 настай эрдэмтэн хар арьстнуудыг хангалтгүй оюуны чадамжтай гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн нь ийм шийдвэр гаргах шалтгаан болжээ. Жеймс Ватсон нэгэнтээ “The Times” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Африкийн ирээдүй гэрэл гэгээтэй гэдэгт би хэзээ ч итгэхгүй. Учир нь бид хар арьстнуудын оюуны чадамжийн түвшин биднийхтэй ижил гэж үзсээр ирсэн. Гэтэл энэ талаархи бүх судалгаа тэднийг хангалтгүй оюуны чадамжтайг харуулдаг юм” гэсэн аж.
“Cold Spring Harbor” лаборатори түүний үзэл бодлыг шинжлэх ухаанаар ногтлогдоогүй, лабораторийн байр сууринаас хазайсан гэж буруушаажээ. Жеймс Ватсон нь Фрэнсис Крик, Морис Вилкинс нарын хамт ДНХ-ийн бүтцийн коодыг тайлсныхаа төлөө 1962 онд Нобелийн шагнал хүртсэн аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ