Нүүрс ачсан 29 вагон онхолдсоны улмаас Транссибирийн төмөр замын хөдөлгөөнийг хаажээ


Оросын Эрхүүгийн мужийн Заларинскийн дүүрэгт Транссибирийн төмөр замын Делюр-Тыреть хэсэгт орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 9.00-д нүүрс ачсан 29 вагон онхолдсоны улмаас тус төмөр замын хөдөлгөөнийг бүрэн хаасан тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Цуваанд нийтдээ 67 вагон байсан бөгөөд хүний амь эрсдээгүй ажээ. Урьдчилсан мэдээллээр, хоёр чиглэлийн 300 метр гаруй төмөр зам эвдэрчээ.

            Осол гарсан газар сэргээх ажлын галт тэрэг очиж, мэргэжилтнүүд төмөр замын засвар хийж эхэлсэн байна. Түүнчлэн Оросын Онц байдлын яамны ажилтнууд хүрэлцэн очиж осол болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ