Ё.Баатарбилэг:Ц.Нямдорж бойкотыг зохион байгуулж, бичиг баримтыг өөрийн гараар редакторлож байгаа
УИХ-ын ахмад гишүүд чуулганы хуралдааныг бойкотлох ажлыг зохион байгуулж байгаа. Тиймээс тэдэнд шаардлага хүргүүлсэн талаар гишүүн Ё.Баатарбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа нар мэдээлэл хийлээ. Тэд Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарт шаардлага хүргүүлсэн байна.
Тус шаардлагад “....УИХ-ын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулах үйл ажиллагааг хамгийн олон удаа сонгогдсон эрхэм төрийн түшээд, ахмад гишүүд та бүхэн манлайлан зохион байгуулж байгаад бид гүнээ харамсаж байна.
Та бүхэн өөрсдийн улс төрийн явуургүй, хувиа хичээсэн, арга ядсан, хоцрогдсон ч гэсэн гаршсан башир аргуудаараа шинэ сонгогдсон залуу гишүүдийг турхиран, хооронд нь сөргөлдүүлж, УИХ-ын тасралтгүй үйл ажиллагааг боогдуулж, улс төрийн мухардмал нөхцөл рүү түлхэн оруулсан явдал нь Монголын парламентын түүхэнд хар толбо болж, та бүхний нэртэй хамт данслагдахыг зориуд сануулъя...” гэжээ.
Тиймээс УИХ-ын гишүүний үүрэг, тангарагаа биелүүлж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд тасралтгүй суухыг Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нараас шаардлаа. Харин шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ-ын гишүүнээс татгалзах шаардлагыг тойргийнх нь сонгогчидтой хамтран тавина хэмээн мэдэгдлээ.
УИХ-ын үйл ажиллагаа хэдэн долоо хоног дамнан тасалдаж байна. Гишүүд хуралдаа ирэхгүйгээс ирц бүрдэхгүй, чуулганы хуралдаан хойшилсоор буй. Харин гишүүд хуралдаанд ирэхийг хориглож, сууж болохгүй хэмээн загнаж буй хүн нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэнэ. Мөн бойкотыг зохион байгуулж, бичиг баримтыг өөрийн гараар редакторлож байгаа эрхэм нь Шадар сайд Ө.Энхтүвшин гэдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ. Мөн тэрбээр олон удаа парламентад суусан энэ хүмүүс МАНАН-г үүсгэгчид, шударга бусын хонгилыг бий болгогчид юм байна. Дахиад шинээр МАНАН үүсгэж байгаа эзэд гэдгийг хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ