Фредерик Лагранж: Миний өвөөг хорих лагериас монгол цэргүүд сулласан
Английн “Daily Mail” сонины сэтгүүлч Женнифер Ньютон “Монгол” нэртэй гэрэл зургийн цомог ном гаргаад буй гэрэл зурагчин Фредерик Лагранжийн тухай ингэж бичжээ.
Гэрэл зурагчин Фредерик Лагранж сүүлийн 17 жил Монголоор хэрэн хэсч тус улсын өдөр тутмын амьдралыг гэрэл зурагт буулгасны үр дүн гайхалтай ажээ. Франц гаралтай ч Нью Йоркт амьдардаг тэрээр Монголын тухай өвөөгийнхөө сонирхолтой дурсамж яриаг сонсон ховсдуулсныхаа дараа тус улсад анх 2011 хөл тавьжээ.
Тэрээр Монголд авсан олон зуун гэрэл зургуудаасаа шилж байж маш энгийнээр “Монгол” гэж нэрлэсэн гайхалтай цомог гаргасан байна.
Дэлхийн хоёрдугаар дайнд Францын армид байлдаж явсан Фредерикийн өвөө нацист германуудад олзлогдсон ба түүнийг монгол цэргүүд чөлөөлсөн аж.
Гэрэл зурагчин ярихдаа, “1944 оны сүүлээр Зөвлөлтийн удирдлага дор байлдаж явсан Монголын дайчдын тасаг түүнийг чөлөөлсөн тухай өвөө маань ярьж өгч билээ. Харь нутгийн бадриун биетэй эрс түүнийг болон Их Британи, Америкийн цэргүүдийг хорих лагериас чөлөөлсөн тухай ярихдаа өвөө хэрхэн догдолж, хоолой нь чичиргэнэж байсныг би одоо хэр мартдаггүй. Тэр ярианаас хойш Монгол гэдэг нэр миний сэтгэл санаанд хадагдсан юм. Монгол дайчид өвөөгийн амийг аварч, тэгснээрээ намайг мэндлэх боломж олгосон шүү дээ” гэж байв.
Фредерик цааш ярихдаа, “Тэр ярианаас хойш олон жилийн дараа 2001 онд би гэрэл зурагчны туслахын ажлын цалингаараа хангалттай мөнгө хуримтлуулан нэг сарын чөлөө аваад Монгол руу анх удаа аялсан юм. Тэгээд сарын дийлэнх хугацааг Монголын хязгааргүй уудам, маш сайхан байгальтай баруун хязгаарт зурагч авч өнгөрөөсөн дөө.
Харин Нью Йоркт эргэж ирээд Монголын газрын зураг руу харахдаа анхны аяллаараа ямар өчүүхэн хэсгийг нь туулснаа ойлгож билээ. Тэгээд Монголд өмнийн говь, бүргэдчин анчидтай баруун хязгаар, цаатан бүхий хойд тайга гээд илүү ихийг үзэхийг маш их хүсч билээ” гэсэн юм.
Фредерик хүслээ даган Монголд дахин хэд хэдэн удаа аялж тус орны байгаль, хүн зоныг олон сайхан гэрэл зурагт буулгажээ. Түүний гэрэл зургуудад хүмүүсийн хөрөг, байгалийн сэтгэл булаам дүрслэл давамгайлдаг байна.
Тэрээр нуурын мөсөн дээр хэвтэж буй хоёр эрийн зурагт хамгийн их хайртай гэнэ. Фредерик, “Би Хөвсгөл нууранд авсан “Мөсөн дээрх хоёр эр” зурагтаа дуртай. Мөн хар, цагаан арын фон хэсэгтэй зарим хөргөө үнэлдэг” гэж ярьсан юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ