Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа

Страсбург хотод зул сарын яармагийн хавьд буун дуу гарснаар сүүлчийн мэдээгээр, дөрвөн хүн амь үрэгдсэнийг телевизийн BFMTV  суваг мэдээлжээ.  Түрүүнд нь хоёр хүн амь үрэгдсэн гэж  мэдээлж байсан юм. 

Энэ хэрэг явдлын үеэр хохирсон хүмүүсийн тоо бас нэмэгджээ.  Шинэчилсэн мэдээгээр, 12 хүн шархадсан байна. Тэдний зургаа нь хүнд, бусад нь хөнгөн шархаджээ.  Страсбург хот байдаг Гранд-Эст мужийн захиргааны албан мэдээнд ингэж дурдсан байна.

Хотын тодорхой хэсгийг цагдаа нар бүслэж, автобус, трамвайны хөдөлгөөнийг зогсоожээ. Хүмүүсийг буудсан этгээдийн  нуугдаж байж болох Нойдорж дүүргийн оршин суугчдыг гадагш гарахгүй байхыг эрх баригчид уриалсан байна.

Францын эрх баригчид Страсбургт болсон явдлыг террорын ажиллагаа гэж үзэж байгааг прокурорын байгууллагын төлөөлөгч мэдэгджээ.  Парис хотын прокурорын байгууллагын террорын эсрэг салбар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэсэн байна.

Мягмар гарагийн орой  үл таних этгээд Страсбург хотын төвд зул сарын яармагийн ойролцоо хүмүүсийг бууджээ. Цэргийнхэн гэмт этгээдийг шархдуулсан ч, тэр зугадаж амжсан  байна.


Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийн хэн болохыг тогтоожээ. Энэ нь тус хотын 29 настай оршин суугч аж.  Түрүүнд нь тэр Францын аюулгүй байдалд аюул учруулж буй этгээдүүдийн жагсаалтад бичигдсэн байжээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ