Канадын шүүх Мен Ванжоуг барьцаагаар суллах шийдвэр гаргажээ


Канадын Британи Колумби мужийн Дээд шүүх Хятадын “Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал Мен Ванжоуг барьцаагаар суллах шийдвэр гаргасан тухай “Global News” телевиз мэдээллээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Мен Ванжоу нийт 10 сая канад долларын (7,5 сая орчим ам.доллар) барьцааны долоон саяыг бэлнээр төлөх ба хяналтын электрон бугуйвч зүүхээс гадна паспортаа хураалгах юм байна. Тэрээр Ванкувер хотноо үлдэж, гэрээсээ оройн 23 цагаас өглөөний зургаан цаг хүртэл гарч болохгүй аж. Мен Ванжоу Ванкуверт хоёр ч хувийн орон сууцны байшинтай гэнэ.

 Тэрээр түүнчлэн хяналтын электрон бугуйвч болон ажиглалтын зардлыг төлөх бөгөөд ирэх оны хоёрдугаар сарын 6-нд шүүх хуралд хүрэлцэн ирэх үүрэг авчээ.     

Мен Ванжоуг энэ сарын 1-нд Ванкуверын нисэх буудалд баривчилсан юм. АНУ түүнийг Ираны эсрэг хориг арга хэмжээг зориудаар зөрчсөн хэрэгт буруутган өөрийн талд шилжүүлэн өгөхийг хүссэн билээ.

Харин Канадын Британи Колумби мужийн Дээд шүүх АНУ шилжүүлэн өгөх албан ёсны хүсэлтээ 60 хоногийн дотор ирүүлэхгүй бол Мен Ванжоуг суллана гэж шийдвэрлэсэн байна.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ