Германы тагнуулын газрын архиваас В.Путиний үнэмлэх олджээ


Хуучин БНАГУ-ын Аюулаас хамгаалах яамны тагнуулын газар буюу Штазигийн Дрезден хот дахь боловсон хүчний хэлтсийн архиваас ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний нэр дээрх үнэмлэх олдсон тухай “Bild” сонин мэдээлэв. БНАГУ-ыг нуран унатал Штазигийн ажилтан байсан В.Путиний үнэмлэхийг 1985 оны арванхоёрдугаар сарын 31-нд олгож 1989 оны сүүл хүртэл улирал тутамд сунгадаг байжээ. В.Путин тэрхүү үнэмлэхийг үзүүлэн Штазигийн бүх албан газар саадгүй нэвтэрдэг байсан аж. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Песков мэдэгдэхдээ, ЗХУ-ын Улсын аюулгүй байдлын хороо (КГБ) БНАГУ-ын Штазитай хамтран ажилладаг байсан тул ажилтнууддаа харилцан үнэмлэх олгодог байсныг үгүйсгэх аргагүй гэжээ. 

В.Путин 1977 оноос КГБ-ийн Ленинград дахь мөрдөн байцаах хэлтсийн сөрөг тагнуулын албанд, 1985-1990 онуудад КГБ-ын гадаад тагнуулын газрын шугамаар БНАГУ-ын Дрезден дахь тагнуулын цэгт ЗХУ-БНАГУ-ын найрамдлын ордны захирал гэсэн халхавчин дор ажиллаж байжээ.  

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ