Байнгын хороо: С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид С.Соёмбо-Эрдэнийг нэр дэвшүүлж байгаа юм.
Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ.
С.Соёмбо-Эрдэнэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг шүүж ял оноож байсан билээ.
С.Соёмбо-Эрдэнэ нь 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1984-1995 онд нийслэлийн 10 жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль, 2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй, хуульч цолтой аж. 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхэд 12 жил шүүгчээр ажиллажээ. Ийнхүү С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ