Singapore Airlines дэлхийн хамгийн холын нислэгийг үйлдэв
Singapore Airlines агаарын тээврийн компани дэлхийн хамгийн холын нислэгийг Сингапураас Нью-Йорк хот руу үйлдсэн байна. Агаарт 17 цаг 25 минутыг өнгөрүүлсэн Airbus A350-900URL загварын нисэх онгоц Newark Liberty нисэх онгоцны буудалд газардаж буйг бичлэг дээрээс харна уу. Энэ нислэгээр нисэхийг хүсэмжлэн тасалбар худалдаж авсан 41 настай Пьер Мессажо “Би таашаал авах гэж нисдэг. Би агаарын тээвэрт их дуртай хүн” хэмээн сэтгэл догдлолоо барьж ядан өгүүлжээ.
Сингапурын 50 настай инженер Денни Хонг энэ удаан нислэгийн дараа АНУ-д удалгүй буцаад уг онгоцоороо эх орон руугаа зорчино гэдгээ мэдэгдсэн байна. Агаарын тээврийн компани энэ аяллыг 18 цаг, 45 минутад хийнэ гэж тооцоолж байсан ч 16, 700 км замыг 17 цаг 25 минутад туулсан аж. Airbus A350-900URL загварын нисэх онгоц агаарт 20 цаг байх боломжтой гэнэ.
2013 оныг хүртэл Singapore Airlines компанийн нисэх онгоцнууд энэ чиглэлд есөн жилийн турш нислэг үйлдэж байжээ. Тэр үед Airbus A340-500 загварын дөрвөн хөдөлгүүртэй нисэх онгоц нислэг үйлдэж байжээ. Гэвч онгоцны түлшний үнэ нэмэгдсэнээр уг нислэг эдийн засгийн хувьд ашиггүй болж эхэлсэн гэнэ. Харин шинэ загварын хоёр хөдөлгүүртэй нисэх онгоц түлш бага зарцуулдаг бөгөөд бүхээгтээ 161 зорчигчийг багтаах боломжтой гэнэ.
Бизнес ангиллын 67 суудал, премиум ангиллын 94 суудалтай уг онгоцоор 150 зорчигч, багийн 17 гишүүн нисжээ. Бизнес ангиллын тасалбар нь 5700 доллар бол премиум ангиллынх 2100 доллар гэнэ. Саяхныг хүртэл Qatar Airlines авиакомпани Катарын нийслэл Доха хотоос Шинэ Зеландын Оклэнд хот руу тогтмол нислэг үйлдэж байсан нь хамгийн холын нислэгт тооцогдож ирсэн. Хоёр хот хоорондоо 14,500 км зайтай билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ