Өвөл аялах боломжтой газрууд

Зарим хүмүүс намрын улиралд аялал зохион байгуулах нь таатай гэж үздэг боловч хамгаас дурсгалтай эсвэл он удаан жил дурсагдах аялал өвлийн улиралд болдог гэдэг. Хөвсгөр цагаан цас, хүйтэн уур амьсгал, амар амгалан нам гүн орчин, оргил уулс хэн бүхний сэтгэлийг сэргээдэг.

Тиймдээ ч дэлхийн улс орнуудад өвлийн улирлаар жуулчид аялах сонирхолтой байдаг. Тэгвэл уншигч та бүхэнд “Сонирхолтой газарзүй” буландаа өвлийн улирлд мартагдашгүй сайхан дурсамжтай аялж болох орнуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Япон

Японы Нагано мужид орших Өвлийн паркт цасны сармагчнуудыг халуун рашаанд орж буйг ажиглах боломжтой аж.

1964 онд нээгдсэн Жигокүдани сармагчны паркт Японы макака буюу “Цасны сармагчин” гэх нэрээрээ алдартай сармагчнуудыг байгалийн халуун рашаанд орж байгаа агшныг ойроос ажиглах боломжтой. Тэд өөрсдийгөө дулаацуулахаар халуун рашаанд өдрийн цагаар ирж усанд орчхоод орой болохоор ой модод руу буцдаг байна. Сүргээрээ амьдардаг энэхүү сармагчны төрөл хүнтэй ойр байж сурсан аж.

Харбин, Хятад

Хятадын Хейлонжианг мужид орших Харбин хотод цас мөсний фестивал жил болгон зохиогддог байна. Арванхоёрдугаар сарын 24-өөс ирэх жилийн хоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжилдэг уг фестивальд мөсөөр урласан баримлуудыг гэрлийн шоуны хамтаар олон нийтэд толилуулдаг байна. Ид шидийн гэмээр ертөнцийг бодит байдал дээр бүтээдэг Харбиний цас мөсний фестивальд олон улс орны уран барималч нар хүрэлцэн ирж шилдгээ тодруулдаг байна.

Альпийн нуруу, Швейцарь

Та цанаар гулгах дуртай юу, тэгвэл Швейцарийн Альпийн нуруудаар орших цанын баазаар зочлоорой. Өвлийн хүйтэн агаар зүсч, уулын уруу цанаар гулгах нь мартагдашгүй дурсамж болж үлдэх нь гарцаагүй.

Абиско, Швед

Тэгвэл байгалийн содон үзэгдэл болох Аурора Бореалис буюу туйлын туяаг өөрийн нүдээр харахыг хүсвэл Швед улсын Абиско үндэсний паркт зочлох боломжтой ажээ. Нохой чаргаар гулгаж, хөлдсөн нуураас загас барих мөн бүх нутгийг туулсан цанын аялалд хамрагдах боломжтой ажээ.

Гоа, Энэтхэг

Өвлийн хүйтнээс дайжиж нарлаг халуун эрэг дээр амармаар байна уу. Тэгвэл Энэтхэг улсын ГОА танд яг тохирно. Бусад мужуудтай харьцуулбал Гоа нь харьцангуй нээлттэй. Тиймдээ ч Энэтхэгийн Гоаг зорих жуулчдын хөлд өвлийн улиралд дарагддаг байна. Үүр цайх хүртэл бүжиглэж, далайн хөвөөнөө өвлийг өнгөрөөе гэж бодож байвал Гоаг зориорой. “Амьдралд нэг л тохиох боломж” чухам Гоад болдог учир эртнээс аяллаа төлөвлөхийг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ