Монгол, Германы ээлжит чуулган ирэх баасан гарагт болно
Жил бүр зохион байгуулагддаг Монгол, Германы XVI Чуулган энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн чуулганыг “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй, ХБНГУ ба Монгол Улс дахь улс төрийн боловсролын ирээдүй” сэдвийн хүрээнд явуулахаар болжээ.
Чуулганд манай хоёр орны нийгэм, олон нийтийн анхаарлыг татсан, ашиг сонирхлыг хөндсөн, ялангуяа манай орны улс төр, нийгэм эдийн засаг, ирээдүйн хөгжлийн төлөвтэй холбоотой асуудлуудаас эхлээд олон улсын аюулгүй байдал, гадаад бодлогын хийгээд хоёр талын хамтын ажиллагааны чухал асуудлуудыг авч хэлэлцэн санал бодлоо нээлттэй солилцдог байна.
Түүнчлэн тус чуулганыг зохион байгуулагч Монгол, Германы Чуулган болон ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангаас монголын ардчиллын амжилт ба сорилт, улс төрийн боловсролын өнөөгийн түвшин болон цаашдын ирээдүйн хөгжлийн талаар мэргэжилтнүүдийн илтгэлийг олон нийтэд танилцуулж, ирсэн зочид төлөөлөгчдийн дунд улс төрийн хэлэлцүүлэг өрнүүлэн, чуулганаас гарсан онцлох санал, санаачилгыг олон нийтэд болон шийдвэр гаргагчдад хүргэхээр болжээ.
Чуулганы илтгэгч болон хүндэт зочдоор Монгол, Германы чуулганы тэргүүн П.Очирбат, ХБНГУ-аас Монгол Улсад сууж буй онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын орлогч Михайль Фернау, Монгол Улсаас ХБНГУ-д сууж буй онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д. Ганбат, ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн Европ болон Олон улсын хамтын ажиллагааны төв газрын дарга Герхард Валерс болон тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ