ЗАСГИЙН ГАЗАР: Л.Халтарыг дэд сайдаар томиллоо

Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилох шийдвэр гаргалаа. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Л.Халтарыг дэд сайдад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан. Өнөөдөр Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг албажуулж буй нь энэ юм.

ЛУВСАНГИЙН ХАЛТАР ГЭЖ ХЭН БЭ?

Лувсангийн Халтар, 47 настай. Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Яс үндэс халх, нийгмийн гарал малчин. Ам бүл 5, дээд боловсролтой. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1983 онд төгссөн. ОХУ-ын С. Петербургийн Төмөр замын их сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр 1990 онд, ОХУ-ын Эрхүү хотын Төмөр замын их сургуулийг аспирантурт 1995-1999 онд докторын зэрэг хамгаалсан. Удирдлагын хөгжлийн институтыг удирдлагын менежерээр 1993 онд төгссөн.

УБТЗ-ын Удирдах газарт хашаа цэвэрлэгчээр 1980-1983 онд, УБТЗ-ын Худалдааны баазад ачигчаар 1983-1985 онд, УБТЗ-ын Коллежид инженерийн багшаар 1990-1992 онд, УБТЗ-ын АБТЭМА-ын орлогч даргаар 1992-1993 онд, УБТЗ-ын ОУТЗТ-ийн захирлаар 1993-2006 оноос одоог хүртэл ажиллаж байна.

2006-2008 Улаанбаатар Төмөр замын Боловсон хүчний Нийгмийн асуудал хариуцсан Орлогч даргаар ажилласан. 2008-2013 онд  Улаанбаатар Төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. 2015-2017 онд Улаанбаатар Төмөр замын Хөрөнгө оруулалт нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. 2017 оноос одоог хүртэл УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаа аж.

МАН-ын гишүүн тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Засгийн газрын хүндэт өргөмжлөл, ОХУ-ын Найрамдал одон, Олон улсын бөхийн холбооны Загалмай одон, Салбарын тэргүүний ажилтан цолтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ