МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, ЗТХ-ийн яамны томилгоог хэлэлцэнэ
-ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ЕСӨН АЛБАН ТУШААЛ-
Зам, тээврийн хөгжлийн яамыг тойрсон асуудлаас үүдэн Засгийн газраас яамны удирдлагын багийг тэр чигт нь өөрчлөх шийдвэр гаргасан. Амралтын өдөр гарсан уг шийдвэрийн дагуу сайдыг түр орлон гүйцэтгэхээр болсон Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр яаман дээр нь ажиллав. Ингэснээр сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Зам, тээврийн хөгжлийн яам нь нийт ЗУРГААН газар, есөн хэлтэстэй. Засгийн газраас хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэгт нэр холбогдсон болон эс хамаарал бүхий нийт газрын дарга нарыг солих шийдвэр гаргасан. Энэ дагуу ЗУРГААН газрын дарга тэр чигтээ солигдох юм. Үүнд,
1. Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
2. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
3. Төмөр зам, далайн тээврийн бодлогын газрын дарга
4. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
5. Бодлого төлөвлөлтийн газрын дарга
6. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар багтаж байна.
-ТОМИЛГООНУУДЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ-
Өчигдөр Сайдыг үүргийг түр хамаарагч, Шадар сайд Ө.Энхтүвшин тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчаар томилж буйгаа мэдэгдсэн. Энэ нь төрийн ажлыг эзэнгүйдүүлэхгүй байх зорилгоор авч буй арга хэмжээ юм.
Яамдын ТНБД нарыг томилохдоо Төрийн албаны зөвлөлөөс тусгай сонгон шалгаруулалт зарлаж, жинхлэх тушаал гаргадаг билээ. Өнгөн талдаа энэ дагуу процесс явна гэсэн үг. Төрийн нарийн нь томилогдож байж, газрын дарга нарын асуудал яригдана. Тэгэхээр нэг хэсэгтээ Зам, тээврийн хөгжлийн яам газрын даргагүй, хэлтсийн дарга нар ахалсан байдлаар ажил нь явахаар харагдаж байна.
Мөнхүү Ж.Бат-Эрдэнэ сайдыг эцсийн байдлаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж чөлөөлөх юм. Намрын чуулган хуваарийн дагуу ирэх аравдугаар сарын 5-ны өдөр эхлэх учиртай. Үүнээс өмнө сайдын томилгоог ээлжит бус зарлаж хийх төлөвгүй байгаа юм. Хэрэвзээ ээлжит бус чуулган зарлавал дагаад “60 тэрбум”-ын асуудлыг хэлэлцэх шаардлага үүсэх тул УИХ-ын дарга уг асуудалд ихээхэн болгоомжтой хандах нь тодорхой билээ.
-МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ӨНӨӨДӨР ХУРАЛДАХ ЧИГТЭЙ БАЙНА-
Үргэлжлэн орж буй их борооны улмаас улс орны хэмжээнд замын асуудал ихээхэн хүндэрч, анхаарал татаж буй. Дээрээс нь өвөлжилтийн бэлтгэл хаяанд тулсан энэ чухал цаг үед хуулийн хүрээнд баригдаж, томилгоонууд цаг алдахаар байна. Тиймээс ч Засгийн газраас дэд сайдын томилгоог яаралтай хийх чиг барьж буй бололтой.
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлд багтдаг 29 гишүүнийг нийслэлд байгаа эсэхээр нь бүртгэж үзсэн байна. Бүртгэлээр ирц бүрдэх боломжтой байсан тул өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийг зарлан хуралдуулах чиг барьж байгааг эрх баригч намынхан уламжилж байгаа юм.
МАН-ын дарга Удирдах зөвлөлийн хуралдаандаа Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн томилгоог хэлэлцүүлэх санал оруулахаар зэхэж буй аж. Засгийн газар маргааш хуралдана. Үүнээс өмнө томилгооны асуудлыг Удирдах зөвлөл дээр хэлэлцэж, дэд сайдын томилгоог ойрын өдрүүдэд эцэслэх чигтэй байгаа юм.
-Д.ЖИГЖИДНЯМААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ-
Хүчтэй аадар борооны улмаас төмөр зам эвдэрч, вагон осолдсон асуудалд Зам, тээврийн хөгжлийн яамнаас гадна “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг хариуцлага хүлээх ёстой гэж олон нийт үзэж буй.
Өчигдөр Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гарсан. Гэвч “УБТЗ” ХНН- ээс уг мэдээллийг үгүйсгэсэн билээ. Тус байгууллагын гүйцэтгэх удирдлагыг Засгийн газраас томилохдоо хувь нийлүүлэгчтэй зөвшилцөх замаар шийдвэрээ гаргадаг.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Засгийн газрын лхагва гаригийн хуралдааны үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хариуцлага тооцох асуудлыг хөндөн ярих аж. Үүнээс өмнө Д.Жигжиднямаа албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэсэн мэдээлэл ч байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ