Хотын дарга ажлын өрөөндөө архи уусан албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх үүрэг өглөө

Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг зохион байгуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүрэг өгчээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах хэрэгтэй” хэмээн хэлсэн байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг наймдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт  тавихыг үүрэгджээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто замын шинэчлэл засварын ажлыг дуусгах, цэцэрлэг сургуулийн урсгал засвар болон  шинээр ашиглалтад  орох  барилгуудад байнгын хяналт тавьж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай, мөн үерийн  улмаас  эвдрэл үүссэн авто замуудыг засварлах ажлыг ч эрчимжүүлж, шат шатандаа ажлыг шуурхайлах үүрэг өгсөн байна.

Түүнчлэн ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ харьяа агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт хотын дарга хатуу сануулжээ. Нийслэлийн төр захиргааны бүхий л байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгаж, хүйтний уур амьсгал орохоос урьтаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа шуурхайлахыг даалгасан байна. 

Бүтээн байгуулалт, тохижилт, өвлийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бүртгэл, элсэлтийн ажлуудтай хотын даргын ахалсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцана гэдгээ мэдэгджээ. Нийслэлийн дөрвөн том гүүрийн бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг хяналт, шалгалт  хийсэн бол эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил, гэр хорооллын “Дэд бүтцийн төв” байгуулах  болон “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцыг мөн шалгана гэдгээ хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ