"Outlaw" хамтлагийн дуучин Г.Чинзориг: "Аавыгаа уучлаарай миний охин..."

Залилангийн хэрэгт буруутгагдан эрэн сурвалжлагдаад буй "Outlaw" хамтлагийн дуучин Г.Чинзориг яагаад ийм асуудалд орсон шалтгаанаа өөрийн цахим хуудаснаа тайлбарлажээ.

Тэрбээр: "Би гэдэг хүн 2016 оны 4 дүгээр сард анх нэгэн найз маань намайг мөнгө зээлээч гэж гуйхад нь туслах санаатай хэдэн төгрөг зээлснээс бүх зүйл эхэлсэн. Тэр найз ч гэж дээ амьдралыг минь мэдэхгүй ертөнцөөр аялуулсан хүнд би мөнгөө зээлдүүлэхээр очиход Монгол улсад Хятадын эздүүдтэй автомат мөрийтэй тоглоомын газарт тоглож мөнгөө алдсан гэдгийг нь сүүлд мэдсэн юм. Тэр залууд би 2 сая төгрөг зээлсэн. Тухайн үед юуг нь ч ойлгоогүй. Төд удалгүй өнөөх залуу намайг мөнгөө ав хүрээд ир хэмээн залгаж би очсон юм. Тэгэхэд нэг автомат тоглоом тоглоод миний 2 сая төгрөгийг гаргаж өгсөн. Тэр үед анх тоглоомноос мөнгө хожиж болдогийг мэдэн 20,000 төгрөгөө хийж тоглож үзтэл миний мөнгө нүд эрмэхийн зуургүй өсөж тэндээс аваад гарсан. Үүнээс хойш өөрийн мэдэлгүй ингээд болчихдог юм байна хэмээн мунхаг бодолд автан хэсэг орж гарсан. Эхний бүтэн сар тэндээс орох бүртээ мөнгө хожиж өдөрт 500,000 төгрөг олж байсан. Нэг л мэдэхэд энэ аргаар мөнгө олоход амархан юм байна хэмээн бодож тэр газарт тоглож эхэлснээс хойш сар гаруйн дараанаас маш ихээр алдаж эхэлсэн. Би унадаг машинаа хүртэл алдсан учраас шаралхаж эргээд авчих санаатай өөрийн мэдэлгүй өөрт байсан мөнгө эд зүйл байдаг бүх зүйлээ өгсөн. Эргээд харахад хүн хэдий амаараа амархан больчихгүй яасан юм тэнэг мангараар нь намайг дуудах байх. Их мөнгө эд хөрөнгөө алдаад ирэхээр өөрийн мэдэлгүй хүн гэдэг амьтан чинь мөнгө л олдвол бариад алдснаа авчих гээд улам л их юмаа алддаг юм билээ. Би товчхондоо нэг иймэрхүү аргаар бүх зүйлээ алдаж сүүлдээ найз нараасаа мөнгө зээлсэн. Тэр нь хугацаандаа өгөөгүйн улмаас бүгд л намайг гайхсан. Дараа нь юу юугүй л залилан мэхлэгч хэмээн та бүхэнд дуудагдаж, хараалгаж явахдаа хүрсэн. Би юуг онцолж хэлэх вэ гэхээр миний амьдрал надад үнэтэй. Би яахав Монгол улсад газар аваад буй энэ муухай Хятадын автомат мөрийтэй тоглоомонд залуус минь битгий хошуураасай гэсэндээ өөрийн түүхийг товч бичлээ. Нэмж хэлэхэд маш олон залуус надаас хүнд байдалтай байгаа. Өр ширтэй, хамаатан садан, ах дүүгээсээ зугтаасан, зарим нь шоронд зарим нь шороонд булуулсан байдалтай байна. Мөн хоёр залуу энэ тоглоомонд мөнгөө алдаад амиа хорлосон тохиолдол ч байдаг. Монголын хууль хүчний байгууллага над шиг 20 сая төгрөгний дотор өртэй хүнийг эрэн сурвалжилж сошиал медиагаар тараадаг юм байна лээ. Тэрний оронд тэр хууль бус мөрийтэй тоглоомыг хаасан шиг хаагаад хянадаг болвол... Би яахав өр ширтэй, тэрийгээ дарах гэж ажил хийж мөнгө хурааж байна. Би хийсэн үйлээ хүлээнэ. Би айсандаа зугтаагүй. Хүмүүсээс авсан мөнгөө буцааж өгөх гээд л ажиллаж яваа. Та бүхэн ч бас юм хоёр талтай байдгийг мэдэх хэрэгтэй. Миний энд бичсэн бүр нь үнэн 2018.08.10... Нэмж хэлэхэд намайг муулаад гоочлоод байгаа хүмүүс нь миний хамгийн ойрын хүмүүс юм билээ. Хөөрхий амьдралд эр хүн алдсан харин үүнийгээ хэрхэн давах нь цаг хугацаа харуулна. Жоохон л хүлээхэд би бүхнийн ардаа үлдээнэ. Тэр үед намайг битгий магтаарай. Хоосон магтаалаас бодит хараал нь шулуухан юм шүү. Гурван нас ч хүрээгүй охиноо орхиод ажил хийж, өрөө дарах гэж, алдаагаа засах гэж яваа юм шүү. Би нэр хүндээ одоо хаясан. Надад элэг бүтэн, энгийн амьдрал л эрхэм байна. Би үнэхээр харамсаж байгаа ч цаг хугацааг буцааж болохгүй тиймээс золиос нь энэ байх... Ойлгох эсэх нь таны хэрэг. Хамгийн чухал нь миний эхнэр охин хоёр минь ямар ч буруугүй. Эхнэртээ энэ талаар юу ч хэлэхгүй зохицуулъя гэж бодон нууж явсаар ийм байдалд хүрлээ. Охин минь удахгүй том болж уг бичсэн зүйлийг минь уншина. Аав нь охиныхоо төлөө энэ амьдралаа босгохын төлөө одоо ажиллаж байна. Өөрийн гараар бүх асуудлаа шийдээд эхнэр охинтойгоо аз жаргалтай амьдрах болно. Одоо л хичээхгүй бол би эхнэр охиноо алдах гээд байна. Аавыгаа уучлаарай миний охин..." хэмээгээд инстаграм хуудсандаа доорхи зургийг оруулан "Эр хүн энэ амьдралыг үзэхдээ юу эсийг хийж л яваа. Энэ бүх хүчийг надад бэлэглэсэн охиндоо аав нь маш их хайртай шүү" гэжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ