Хөх өнгийн гэрэл нүдний торлог бүрхүүлийг гэмтээдэг
Дэлгэц хүний нүдэнд сөргөөр нөлөөлдөг тухай эрдэм шинжилгээний олон арван бүтээл гарсан ч, орчин цагийн хүмүүс телевизор, компьютер болон гар утастай улам "дотноссоор" байгаа билээ. Гэсэн хэдий ч хараа муудахад чухамхүү дэлгэц хэрхэн нөлөөлдөг нь өнөөг хүртэл ойлгомжгүй явж ирсэн.
Харин саяхан Толедогийн Их сургуулийн химичид тоон төхөөрөмжөөс гардаг хөх өнгийн гэрэл нүдний торлог бүрхүүлд байдаг молекулын эсийн жинхэнэ алуурчин болгодог механизмыг илрүүлжээ.
Хөх өнгийн гэрлийн нөлөөгөөр ретиналь урвал үүсгэж, энэ явцад торлог бүрхүүлийн эсийн хувьд хортой бодисууд бий болгодгийг Ажит Карунаратнегийн удирдсан багийнхан судалгааныхаа явцад илрүүлжээ. Чухамхүү уг үйл явц нь настай холбоотойгоор шар толбо муутгахад хүргэж, улмаар дархлааны систем эсийг муудахаас хамгаалахаа аажмаар больдог байна.
Туршилтын явцад эрдэмтэд янз бүрийн төрлийн эсүүдэд туршилт хийжээ.
Тухайлбал, Зүрх хавдрын болон мэдрэлийн эсэд ретиналь хийж, ингэснийхээ дараа янз бүрийн долгионы урттай гэрлээр эсүүдэд нөлөөлжээ. Тэр бүрийд спектрийн хөх өнгийн гэрэлд эсүүд үхэж, харин бусад төрлийн гэрэл сөрөг нөлөө үзүүлж байгаагүй байна. “Энэ нь үнэхээр хортой. Нүдний фоторецепторын эсүүд сэргэдэггүй, нэг мөсөн үхдэг” гэж судалгааны хамтрагч Касун Ратнаяке их сургуулийн хэвлэлийн мэдээнд тайлбарлажээ.
Гэхдээ нэг сайн мэдээ нь альфа-токоферолын антиоксидант буюу хиймлээр гаргасан Е аминдэм ретиналь муудахаас хамгаалдаг байна. Яваандаа бие махбод хөгширч эхлэх юмуу дархлааны хамгаалалт сулрахад хөх өнгийн гэрлийн нөлөөг ийм аргаар багасгах боломж байхгүй болдог аж.
Нүдний эвэрлэг бүрхүүл гэмтэж, төв хараа мууддаг өвчин АНУ-д хоёр сая шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Хаа сайгүй байдаг хөх өнгийн гэрэл хүний эрүүл мэндэд чухамхүү ямар байдлаар нөлөөлдгийг ойлгох нь шилдэг технологийн ертөнцөд залуу үеийнхнийг хамгаалах арга боловсруулах найдлага төрүүлж байна.
Нарны шилний тусламжтайгаар байгалийн хөх гэрлээс хамгаалж болно гэж Карунаратне хэлжээ. Үүнээс гадна, гаджет үйлдвэрлэгч олон компани өөрийн төхөөрөмждөө программын зохих шүүлтүүр суурилуулж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ