Дарга нарыг ажил дээр нь хутгалж, эмч нарыг эмнэлэг дээр нь зодоод эхлэв үү?

      Манай нийгэмд юу л болоод байна дээ гэх эргэлзээ хааяа хааяа төрдөг л байсан. Харин өчигдрөөс шууд айдас төрж эхэллээ. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн жижүүрт гарч байсан эмчийг зодож танхайрсан иргэнийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна л гэх юм.  Эмчийн уруулыг сэт цохиж, толгой тархи доргин, нуруу нь хөхөрч улайсан байна. Танхайрсан этгээд архи уусан ч өөрийгөө хянах чадвартай байсан гээд л   Урьд нь Баянзүрх дүүргийн дарга хүн зодчихжээ гэгддэг байсан бол , одоо харин Баянзүрх дүүргийн даргыг өрөөнд нь, газар дээр нь хутгаллаа гэх жишээтэй. Улам гаарч галзуурч байх шив дээ гэх гэтэл, тус дүүргийн тамгын газрын даргыг өрөөнд нь галзуу сэтгэцийн өвчтэй этгээд хутгалаад ,хохирогч хагалгаанд орж азаар амьд үлдэж дээрдэж байх жишээтэй. 

      Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтнууд  мэдээлэл хийгээд байгааг бодоход хар дарж зүүдлээгүй  үнэн бололтой. Урьд нь сэтгүүлчдийг цагдаад өгч дарамтлуулдаг байсан бол одоо цагдаа нь газар дээр нь зодож танхайрдаг болчихлоо. Энд тэнд эрэгтэй эмэгтэй зодуулсан сэтгүүлчид эрх чөлөө, хэвлэлийн индекс ярьцгаагаад л бичиг цаас ийш тийшээ өгцгөөгөөд л явж байна.

Эмчийг эмнэлэг дээр нь, даргыг албан өрөөнд нь, сэтгүүлчийг иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллаж байх яг тэр агшинд нь зодож, цохиж, хутгалж, хохироогоод байгааг юу гэж ойлгох вэ, бас яах вэ?  Цаашлаад УИХ-ын гишүүдийг танхимд нь, багш нарыг самбарынх нь өмнө гээд арай үгүй байлгүй дээ. Ядаж амьд явах үндсэн эрхийн төлөө төр засаг минь ажиллаж л таарна. .

 Д. Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ