МАН-ыхан нэг нэгнээ барьж хориод эхэлчихлээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр АТГ-ын хаалгаруу шидүүлсэн чулуу эрх баригч МАН-ын зодооны өгөөш болсон бол өдгөө шууд л халз үзээд эхэлчихлээ. Авлигатай тэмцэх газар МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьсон нь үнэн байсан төдийгүй АТГ МАН-ын нэр бүхий улс төрчдийг төмсөгдөж амжсан гэдгийг энэ үйлдэл харуулж байна.
Хүчээ нэгтгэе гэж сүр дуулиантайхан түүчээлсэн энэ засгийнханы, эрхэм сайдуудын идсэн уусныг ч бүртгээд эхэлсэн нь лав. Ил гаргаж тавьж байгаа нь ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан нөхөр биз. Н.Энхбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоход туслахаар нь ажиллаж байсан юм. Түүнийг МИАТ компанийн дэд захирлаар хэн тавьсан, энэ их мөнгийг юу бүтээж өгөхөөр, ямар зорилгоор авсан гээд асуудал өрнөх бизээ. АТГ-ын даргыг огцруулах санаачлагад оролцсон УИХ-ын гишүүд нь давхар дээлтэй Ардын засгийн сайдууд байсан нь ч ил боллоо.
Ардчилсан намын бараг тал шахуу хувь нь намдаа гадуурхагдан гадуур дотуур тэнэж яваа бол Ардын намынхан талцлаа дийлэхгүй хүчээ барахнээ. Хүрэнтээд хүрлийгээд суучихдаг М.Энхболдыг тэвчээртэй улс төрч гэдгийг хэн хүнгүй л мэднэ. АТГ-ын дарга Х.Энхжаргал ч бас "Заа яахвээ, яахав" гэдэг шиг л нөхөр. Харин энэ удаад тэсвэр тэвчээрийн тулах цэг нь алдагдсан бололтой. Хүүхдүүдээр чулуу шидүүлээд "ээлжит бус чуулган"-д дуудаад нутгийг чинь зааж өгье гээд байхад ямар л олиг байх вэ дээ. Дотно нөхөр нь хоригдсон Ерөнхий сайдын уур уцаар бас яаж хүрдгийг бид урьд нь ч бас харж л байсан.
М.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ