Үерийн улмаас Монголчууд бид ямар гарз, хохирол амсав

Амь нас: Тогтоол усанд хоёр хүүхэд амиа алджээ

        Хүчтэй аадар бороо, үерийн улмаас амссан хамгийн том хохирол бол эрдэнэт хүний алтан амь байсан юм. Улсын хэмжээнд үер усны аюулаас амиа алдсан иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн ес болон арваннэгдүгээр дүүргүүдэд тус тус нэг нэг хүн амиа алдсан. Түүнчлэн 12 аймгийн 27 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт 37 ослын тохиолдол гарснаар 45 хүн амиа алджээ. Үүний ес нь бага насны хүүхэд, 36 нь насанд хүрсэн иргэд байсан юм. Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлэлд усанд осолдсон иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолдсон байна.

Сүхбаатар аймгийн Халзан сум Хатавч багийн “Сэнжит хад” газарт хоёр хүүхэд борооны тогтоол усанд алга болжээ. 34 минутын турш хайх ажиллагаа явуулснаар тав болон есөн настай хоёр эрэгтэй хүүхдийн цогцсыг гарган авчээ.

Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шар хадны эцэст 63 настай эрэгтэй жалганд тогтсон үерийн усанд осолдон амиа алджээ. Тухайн иргэний хувьд даралт нь ихэсдэг байсан бөгөөд жалгаар гарах үед ухаан алдсанаар үерийн усанд урссан байна. Мөн тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр ногоон зоорь орчимд ус үерлэж, эрэг нурснаар 60 настай эрэгтэй усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Эрүүл мэнд: Үет нэрвэгдсэн 0-18 насны 425 хүүхэд байна

        Баян-Өлгий аймагт үер усны гамшигт нэрвэгдсэн хүүхдүүдтэй ажиллан, тусгай төлөвлөгөө гаргах, эрсдэлд байгаа хүүхдүүдийн тоо судалгааг үндэслэн ажиллаа. Урьдчилан байдлаар тус аймгийн 0-18 насны 425 хүүхдийг түр хорогдох байранд байрлуулсан. Эдгээр хүүхдүүдийн 212 эрэгтэй, 213 эмэгтэй, гэр бүлээс тусгаарлагдсан дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй зургаан хүүхэд, баримт бичиггүй үлдсэн 20, бэртэл авсан нэг, бүтэн өнчин нэг, хагас өнчин есөн хүүхэд байгаа юм.

Мөн тус сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр байшин, хашаа нь усанд автсан. Эдгээрийн 1566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг найман байрлалд түр хоргодох байранд байрлуулсан. Мөн 58 иргэнийг нүүлгэн шилжүүлж 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлсэн юм.

Харин Зуунмод суманд далан, шуудуу сэтэрч гурван настай хүүхэд үерийн ус шуудуу руу унасныг аварч, эмнэлгийн байгуулагат хүргэн өгчээ.

Эд хөрөнгө: Гурван сар ам.долларын өртөг бүхий туяаны аппарат эвдэрсэн

        Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын нэг давхарт ус тогтон үерт автжээ. Үүний улмаас Австралийн Засгийн Газрын гурван сая ам.долларын зээлээр авсан хорт хавдар эмчлэх туяаны аппарат суурилуулдаг суурь нь гэмтжээ. Хорт хавдрын эмчилдэг ийм аппарат Монголд ганцхан байдаг бөгөөд гарсан гэмтлийг Монгол улсад засварлах боломжгүй бөгөөд аппаратыг засахад 400 орчим мянган ам.доллар шаардлагатай гэдгийг албаныхан мэдээлэв.

Сэлэнгэ аймгийн цахилгааны тулгуур шонгууд хазайж, зарим нь унажээ. Иймд тус аймагт түр зуурын цахилгааны хязгаарлалт хийсэн. Үерийн усны хэмжээ 89 см-т хүрсэн гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн. Үүний улмаас Сүхбаатар сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн бүх анги танхим үерт автсан байдалтай байна.

Найман аймгийн 75 суманд цахилгаан тасарч цахилгаангүй болсон байна. Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харъя Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын долоон тулгуур багана, Архангай аймгийн Хотонт суманд байрлах 20 багана зэрэг ашиглагдах хугацаа нь дуусаагүй цахилгаан дамжуулах тулгуур баганууд унажээ.

Хөрөнгө санхүү: Нийслэлийн авто замд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ

        Нийслэлийн гурван хэсэгт авто зам усанд автжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Монелын зам сүүлийн өдрүүдэд орсон аадар борооны улмаас усанд автаж, эвдэрсэн.

2011 онд ашиглалтад орсон Дарь эхийн эцэст байрлах авто зам ус зайлуулах суваг, шуудуу байхгүйн улмаас үерт автан эвдэрчээ.

Түүнчлэн хэд хэдэн газрын авто замуудыг янзлан шинэчлэлт хийгдсэн.  Баянгол дүүргийн 19-р хороо, Орбит-Толгойт чиглэлийн уулзвараас 1.7 км хүртэлх зам талбай, Сонгино-Хайрхан дүүргийн 31-р хорооны явган хүний зам, Сүхбаатар дүүргийн оюутны гудамжийн авто замуудын зам талбай суулт өгөн засварлах, нөхөөс хийх, хашаа хашлага суурилуулах зэрэг ажиллууд хийгдэж байна.

Сүхбаатар аймагт энэ сарын 16-ны өдөр бороо орж, үер буусны улмаас Уулбаян суманд нэг гэр, Түвшинширээ суманд зургаан гэр, хоёр автомашин үерийн усанд урссан байна. Мөн Мөнх хаан сумаас 44 км, аймгийн төвөөс 144-150 км-т улсын чанартай авто замын далан усанд урсаж, хатуу хучилттай замд цөмрөлт үүсжээ.

Төв аймгийн Борнуур суманд энэ сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас үер бууж, нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 70 айл өрх, 10 аж ахуй нэгж байгууллага усанд автсан байна. Мөн 15 бог мал хорогдож, сумын нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай “Шавартайн гүүр”-ийн тулгуур баганад суулт үүссэн байна. Мөн тус сумын гүүр үерт автан суулт өгснөөр зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарласан.

Харин  Зуунмод суманд далан, суваг, шуудуу сэтэрч, 28 айл өрхийн гэр байшин усанд автжээ.

Хөдөө орон нутгийн чанартай 116 км авто зам эвдэрч, хоёр тэрбум төгрөг ний хохирол учраад байна

        Долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар 13 аймгийн 29 байршилд 116 км авто зам эвдэрч, улсад хоёр тэрбум төгрөг ний хохирол учраад байна. Эвдэрсэн замуудыг АЗЗА компаниуд болон холбогдох албанаас шуурхай ажлын хэсэг ажиллаж, эвдрэл гэмтлийг засахаар газар дээр нь ажиллаж байна. Одоогоор тогтоогдож буй хохирлын хэмжээ цаашид үргэлжлэх үерийн шалтгаанаас нэмэгдэх хандлагатай байгааг ОБЕГ-ааг мэдээлж байна.

 

Т.Намуу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ