Том хөөрөгтэй, жижиг тархитай "гарууд" нутгийн зөвлөлүүдээр дүүрчихэв үү?

       Энэ жилийн Үндэсний их баяр наадам нижгэр сайхан болж Монголчууд бид Н.Батсуурь гэх шинэхэн аваргаа хүлээж аваад удаагүй байна. Арслан цолтой тэрбээр Улсын аварга Ч.Санжаадамбаар ес давж 31 насандаа Улсын аварга хэмээх хүндтэй цол хэргэмийн эзэн болсон билээ. Аль одтой, хиймортой, хичээл зүтгэлтэй нь монгол наадамд түрүүлэн нутгийнхаа нэр төрийг мандуулан түүхийн шар хуудаснаа нэрээ үлдээдэг түүхтэй. Энд ямар ч нутаг хоорондын хэл ам, хэрүүл тэмцэл байх ёсгүй. Өөрөөр хэлбэл наадамчин түмнийхээ нүдэн дээр болдог  учраас бүх зүйл ил тод болж өнгөрдөг. Тэр ч утгаараа аль аймаг усны хүн энэ наадмаар түрүүлэх үү гэдгийг наадмын комисс эсвэл үзэн сонирхож байгаа наадамчид шийддэггүй. Энэ цолыг цэвэр ур ухаан, бяр тэнхээ, хөлс, хүч хөдөлмөр шаардаж байж авдаг.

            Монголчууд бид Их баяр наадмынхаа цэнгэлийн манлай болсон үндэсний бөхөө түүхэн уламжлалаар нь авч , монгол үндэсний бөхийнхөө хүндтэй дэвжээг жалга довны үзэл, хар хор, атаа жөтөөний хоронд хутгахгүй байх талаар хэн хэн нь хаана хаанаа сэтгэл гарган ухаан зарах цаг хэдийнээ болжээ.  

Үнэндээ  шинэ аваргаа хүлээж авахдаа ч манайхан муухай монгол зангаа тавьсангүй. Увс аймгийн Ховд сумын харъяат түүнийг түрүүлэнгүүт нөгөө л  олон ястныхаа дунд яс хаяж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц авирлах хүн, үйл хөдлөл, үг яриа цөөнгүй харагдлаа. Машин бэлэглэчихээд байхад  дахин дахин "том жийп" аваачиж өгөөд байдаг аймаг аймгийн " Нутгийн зөвлөлүүд"  жилийн жилд яагаад тэгэхээс тэгэх гэсэн юм шиг  олны дургүйцлийг төрүүлээд байдаг юм бол?  Нутгийн зөвлөлийн дарга нар дандаа том хөөрөгтэй жижиг тархитай "гарууд"-аар дүүрчихвүү. Дөрвөд, өөлд, халх, торгууд  хүмүүс гэж ярьдаг ч ч гагцхүү Монгол хүн гэх нэг нэрэн дотроо л ондооширдог. Бид Монгол хүн гэх нэр тодотгол дотроо эрхлэхдээ  “Увс хүн” гэх шинэ нэршил гаргаж ч байсан удаатай. 

Өнөөдөр бид гуравхан саяуулаа атлаа нүүдэлчин түмнийхээ зан заншил, ёс суртахуунаа умартан ам дамжин өнгөрөх хэрүүлийн хар хороор нэг нэгнээ яагаад хордуулна вэ?  Олон ястан бол бидний бахархал, ондоошил ,өв соёл, зан заншлын дархлаа болохоос биш, зан төрхийн өөрчлөлт ялгарал лав бишээ. Сайхан монгол орон ,сайхан нутаг ус, сайхан аваргууд, сайхан ч ард түмэн бусуу?


Т.Намуу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ