Наадмын нээлтийг үдшийн цагаар хийе!

        Жил бүрийн Улсын их баяр наадам сүр жавхлантай, агуулгын хувьд бүтээлч сэтгэлгээтэй хийгддэг. Цэнгэлдэх хүрээлэнд уул сүндэрлүүлж, үүлс нүүлгэж, гол урсгаж, шүхэр бууж, шонхор нисгэн, баг өмсгөж, баримал үүрүүлэх хүртлээ наадмын комисс зохион байгуулагчид ажиллаж чаддаг хэдий ч гэрэлтэй, нартай өдрийн цагаар энэ бүхэн нь сэтгэл хөдөлгөх хэмжээний шоу наадам болж чаддагүйг бид мэднэ.  Ямар ч сайн зохиол найруулал, найруулалт, дэглэлт, хөгжимтэй байлаа  гээд технологийн дэвшлийг огт ашиглахгүй байх нь хөрөнгө мөнгөний хувьд ч хий дэмий зарлага болно.

Улс орнуудад олимп, аварга шалгаруулах тэмцээн, том хэмжээний эвэнтүүдийн нээлт ихэвчлэн оройн цагаар болдог. Яагаад бид улсын их баяр наадмынхаа нээлтийг өдөр биш оройн цагаар хийж болохгүй гэж. Долоодугаар сарын 11-ний өглөө үндэснийхээ өв соёлыг харуулсан богино хэмжээний тоглолтыг үзүүлж болно шүү дээ. Мөн өдөр морио уралдуулж, бөхийнхөө сүр хүчийг үзэн, сураа харвачихаад, нээлтийн үйл ажиллагаагаа оройд нь хийдэг болвол үзэгчид, гадны жуулчдын сэтгэлийг татах болов уу.   

Учир нь үдшийн цагаар гэрлийн урлагийг харуулсан, гэрлээр наадсан цаашлаад лазер үзүүлбэрт наадмын уур амьсгалаа оруулан үзүүлэх нь шинэлэг бөгөөд дэвшилтэт технологи юм. 

21-р зууны орчин цагийн наадмын нээлтийг шинэлэг хэлбэрт шилжүүлэх нь Монголыг зорьсон жуулчдыг татах шалтгаан байх ёстой. Учир нь жуулчид хамгийн их хүлээж авдаг улирал, ганцхан тохиох наадмын баяраараа бид тэдэнд хүрсэн зорилтот үйлчилгээ болон гэрлийн технологитой хөл нийлүүлэн алхаж буйгаа харуулах нь чухал. Гэрлийн урлагийг нэвтрүүлэх нь Монголын залуу үеийнхэнд суралцах бас нэг санаа мөн гэвэл тийм. Гэрлээр наадаж өөрсдөө технологио эзэмшиж хажуугаар нь үзэгч түмнийхээ нүдийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөн баяр наадмаа дэлхийн хэмжээнд хийх санааг бид хэрэгжүүлэх нь зүйтэй. 

Дэлхийд ганцхан монгол наадмаа орчин үеийн үзвэр, үйлчилгээтэй бид өөрсдөө ч, жуулчдад ч сэтгэл тэнэгэр баярлах орчин үеийн наадам болгохын тулд одооноос нэгийг бодоцгооё. 

 

Т.Номун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ