Трампыг 1987 оноос "Оросын тагнуулч байсан" гэв
Америкийн “New York Magazine” сэтгүүл Дональд Трампыг 1987 оноос Оросын тагнуулч хийж байсан гэж бичсэн өгүүллийг АНУ, Оросын удирдагчдын уулзалтын өмнө нийтэлсэн байна. Энэ өгүүллийг бичсэн Жонатан Чейт Владимир Путиний Трамптай хийх хэлэлцээг Оросын тагнуулын албаны хийж буй хуйвалдаан хэмээн тодорхойлжээ.
Тэрээр Америкийн төрийн тэргүүнийг 1987 онд улс төрд орсон гэж бичээд, үүнээс өмнө болсон үйл явдлуудыг дурдсан байна. ЗСБНХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачев хилийн хаалтыг жаахан нээж, хөрөнгө оруулагчдыг татаж эхлэсэн бөгөөд тэгэхэд Трамп ч хөрөнгө оруулагч байсан юм гэж өгүүлэлд дурджээ.
1986 онд тэр Нью-Йоркт зөвлөлтийн элчин сайд Юрий Дубининтэй уулзаж, 1987 оны долоодугаар сард Москвад зочилсон байна. “Москвагаас Трамп улс төрийн тодорхой бодол өвөрлөн буцаж ирсэн юм” гэж өгүүлэлд тэмдэглэжээ.
Дараа нь хоёр орон өөр өөрийн замаар замнаж, 1999 онд Владимир Путин засгийн эрхэнд гарсныг Чейт дурдсан байна. Түүнээс хойш Орос улс Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болгохоор төлөвлөж байсан гэж сэтгүүлч бичжээ. “Оросууд хилийн чанад дахь холбоотон улстөрчдийг нууцаар дэмжиж байдаг. Тагнуулын үйл ажиллагаа нь гадаад бодлогын хувьд гол асуудал хэмээн Путин үздэг нь зүйн хэрэг” гэж Чейт тэмдэглэсэн байна.
Трамп энэ сарын дундуур Владимир Путинтэй хувийн журмаар уулзах гэж байгаа нь хуйвалдааныг илэрхий болгож байгаа бөгөөд энэ уулзалтыг хоёр орны удирдагчдын зүгээр нэг хэлэлцээ хийх талбар хэмээн үзэх аргагүй гэж сэтгүүлч бичжээ.
“Вашингтон пост” сонин Жонатан Чейтийн таамаглалыг шүүмжилжээ. Трамп 2016 оны ерөнхийлөгчийн кампанит ажлынхаа үеэр Оростой хамтран ажилласан байж болох ч ингэж удаан хугацаагаар хуйвалдаж байсныг нотлох баримт байхгүй гэж материалд дурдсан байна.
Жонатан Чейт бол “New York Magazine” сэтгүүлийн нэг буланг хөтлөдөг сэтгүүлч юм. Тэрээр өөрийн материалуудад хуучинсаг үзэлт намыг (бүгд найрамдах нам) байнга шүүмжилж байдаг аж. “Бушийг үзэн ядахын учир” гэсэн өгүүлэл нь түүний хамгийн их шуугиан тарьсан материалын нэг болж байжээ.
Орос, АНУ-ын удирдагчид долоодугаар сарын 16-нд Хельсинки хотод уулзах гэж байгаа юм. Тэд хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөв, түүнчлэн олон улсын байдлын тулгамдсан асуудал хэлэлцэх бодолтой байгааг мэдээлж байсан билээ.
Трамп Путинтэй Сири, Украины мөргөлдөөн, Америкийн сонгуульд Оросын тал хөндлөнгөөс оролцсон гэх таамаг асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ