Наадмын өмнө шатахууны үнийг нэмж л байг уу?
Шатахуун импортлогч компаниуд АИ 92, АИ 80 шатахуун, дизель түлшний зохиомол хомсдол үүсгэж хэрэглэгчдийн уур, бухимдлыг барж байсан цаг саяхан. Тэд шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг эсэргүүцэн Засгийн газрын эсрэг хоёр долоо хоногийн туршид бойкот хийсний эцэст ялалт байгуулсан. Тодруулбал, шатахууны хомсдолд өртөж үнэтэй бензин хүчээр авч байсан иргэдийн бухимдлыг намжаахын тулд Засгийн газраас АИ 80, АИ 92 шатахууны албан татварыг тэглэсэн. Ингэснээр дээрх хоёр төрлийн шатахууны үнийг нэмэхгүй байх тохиролцоонд Засгийн газар болон нефть импортлогч компаниуд хүрсэн.
Гэтэл шатахуун импортлогчид уг тохиролцооноосоо буцаж Үндэсний их баяр наадмын өмнө АИ 92, АИ 80 шатахууны үнийг нэмчихлээ. Иргэд яг амарч, зугаалж хөдөө гадаа явж шатахуун ихээр хэрэглэдэг үед ийнхүү нэмсэн нь муухай Монгол хүний увайгүй зангийн илрэл юм.
Товчхондоо иргэдийг баяр наадам гээд амарч, налайх зуур "даварсан" шатахуун импортлогчид өнөө л муухай зангаа харууллаа. Ийнхүү энэ он гарсаар долоон сарын хугацаанд гурван удаа нэмчихлээ. Шатахууны үнээ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэд өдөр тутамдаа авч иддэг байсан хүнсний ногоогоо ч авч идэж чадахаа байлаа. Нэг кг төмсийг 3000 төгрөг, кг байцааг 7000 төгрөгөөр авах чадвартай хүмүүс хэд байгаа билээ. Шатахууны үнэ ингэж өссөн нь иргэдэд хүнд тусч, эсрэгээрээ импортлогчдын ашиг ихээр нэмэгдэж байна.
Угтаа энэ оны эхээр Үнийн зөвлөлийн тэргүүн Д.Загджав “Нефть импортлогчдоос шатахууны онцгой албан татвар гэж 68 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөөд байсан юм. Үүнийг нь Засгийн газар тэглэсэн. Тэгэхээр АИ 92, АИ 80 шатахууны үнэ нэмэгдэхээргүй болж байна. Нефть импортлогч комданиудын захиралтай ярьсан. Тэд “Шатахуунаа хэвийн олгоно. Өнөөдрөөс эхлээд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ” гэж мэдэгдэж байсан.
Гэтэл Д.Загджав сайдыг ингэж хэлээд жил ч болоогүй байхад шатахуун импортлогчид бензинийн үнээ нэмчихлээ. Ёстой нөгөө эргэж хараад нуруунд хутга зооно гэдэг нь энэ байх.
Бүтэн хоёр долоо хоногийн хугацаанд шантааж хийсний эцэст татварын нэмэгдлээ тэглүүлчихээд ийм үйлдэл гаргах нь хэр зохистой вэ. Ер нь шатахуун импортлогч компаниудад чангахан хариуцлага тооцмоор байна. Тэдний дуртай цагтаа үнээ нэмдэг энэ үйл ажиллагааг хазаарладаг болмоор байна.
Ингээд 21 аймагт шатахууны үнэ хэдэн төгрөг хүртэл нэмэгдсэн байгааг дараах хүснэгтээс харна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ