"М.Энхболд УИХ-ын даргаасаа түдгэлзэх хэрэгтэй"
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу 15.00 цагт очиж мэдүүлэг өглөө. Мэдүүлэг өгснийхөө дараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад энэ асуудлыг одоо хүртэл түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгийг асуулаа. Эрдэнэтийн 49 хувийн дуулиантай холбоотой асуудал УИХ-ын шийдвэр гараад байхад мартагдах шатандаа орлоо. Энэ асуудал авлигатай холбоотой эсэхэд яагаад одоо хүртэл тайлбар өгөхгүй байгааг АТГ-аас асуулаа. Дуулиант 60 тэрбумын хэрэг юу болсныг асуулаа.
Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Монголын нийгэмд нэг асуудал дуулиан болж гарч ирээд л баахан шуугиж байгаад мартагддаг боллоо. 60 тэрбумын хэрэг маш бодиттой бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. Хэрэв 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ.
Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ. Хэрэв би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга ёсны хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд хаана явна вэ. Яагаад өнөөдөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч, нийтийн сонсгол хийснийх нь төлөө гишүүдийг дуудаж байцааж байна.
Хувь хүнийхээ хувьд өнөөдөр тэвчээр алдагдаж байна. Би Төрийн ордонд маш удаан хугацаанд хашгирсан, хэлсэн. Хаврын чуулганаас өмнө энэ асуудалд цэг тавихгүй бол олон нийттэй, иргэдтэй, төрийн бус байгууллагуудтай нийлж, шударга ёсны тэмцлийг орон даяар эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүй байхгүй гэж бодож байна. Тиймээс түүнийг сайн дураараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр хүртэл би УИХ-ын чуулганы хуралдаан суухгүй" гэв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд өнгөрсөн өвөл Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн Б.Хурцын эсрэг байр суурь илэрхийлсэнтэй холбоотой АТГ-аас дууджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ