Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг нийт 22 зарчмын зөрүүтэй санал боловсруулсан байна. Тухайлбал, баримт бичиг хуурамчаар үйлдэж аливаа хуулийн этгээдийг бүртгүүлэх оролдлого хийсэн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагын тухай заалт нэмэх, санхүүгийн тайлангаа 8 буюу түүнээс дээш сараар дараалан гаргаагүй бол төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах зэрэг арга хэмжээ авах заалтыг нэмж тусгах санал гаргасныг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулав.

Ийнхүү чуулганы хуралдаанаар ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ