ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаахаар шийдвэрлэв
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигддрийн (2018.06.14) чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Татварын ерөнхий хуульд туссан татвар төлөгчийн эрх, үүрэг нь татварын албаны эрх, үүрэгтэй харилцан урвуу хамааралтай байх ёстой боловч өнөөгийн мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомжид татвар төлөгч, татварын албаны хоорондын эрх үүргийн тэнцвэр алдагдаад байгаа талаар танилцуулгад дурдав. Тиймээс дээрх эрх, үүргийн тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх, тус хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай шинэ харилцааг хуульчлах шаардлага үүссэн байна.
Түүнчлэн татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгож, хуулийн давхардсан зохицуулалтыг шинэ зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Тухайлбал, одоогийн үйлчилж буй хуулиар татвар төлөгч татварын тайлангаа засварлах боломжгүй байдаг. Энэ талаарх бусад улсын туршлагад тулгуурлан татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлэх, татварын зорилгоор бусад улстай мэдээлэл солилцдог болох, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах, татвар төлөгч татварын өрөө төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлэх бол уг этгээдээс татварын өрийг төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг авах арга хэмжээг шинээр хуульчлахаар тусгажээ. Мөн одоо үйлчилж байгаа боловч зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай зохицуулалтуудыг шинэчилсэн найруулгын төсөлд багтаажээ. Үүнд, татварын тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчид туслах үйл ажиллагааг нарийвчлан журамлах, үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчлах, татварын албаны хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийх, татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах, татварын албаны өр хураах ажиллагааны гүйцэтгэлийн эрх мэдлийг өөрчлөх зэрэг зохицуулалтууд тусчээ. Дээрх төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт өглөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлээд боловсруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын явцадтоног төхөөрөмжийн НӨАТ, гаалийн албан татварын зохицуулалтын талаар тодруулан асуулаа. Аж ахуйн нэгжийн албан татварын голлон төлдөг 398 байгууллага байдгийг Сангийн сайд онцлоод үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжин, татварын суурийг өргөтгөх зорилгоор эрх зүйн орчныг сайжруулахаар төслийг боловсруулсан гэдгээ Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зохицуулалт олон хөрөнгө оруулагчдад эерэг сэтгэгдэл төрүүлдэг ч татварын хууль дээр үүнийг давхар зохицуулаагүйгээс ихээхэн бэрхшээл учирч, олон хөрөнгө оруулагчдад татварын бэрхшээл, маргаан үүсгэдэг байсныг өөрчлөн хуулиудын уялдааг хангах, нийцүүлэх ажлыг төсөлд тусгасан гэдгийг тайлбарлав.
Түүнчлэн томоохон аж ахуйн нэгж, үйлдвэр үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зохицуулалтууд ч туссан байгааг тайлбарласан. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн алдагдал шилжүүлэх хугацаа хоёр жил байсныг салбар харгалзахгүйгээр таван жил болгосон. Үл хөдлөх хөрөнгө болон барилга байгууламжийн элгэдэл, хоргодол тооцох хугацаа 40 жил байдаг, олон улсын туршлага, жишигт 20 жил байгаад байдгийг харгалзан төсөлд 25 жил болгосон нь үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд чухал ач холбогдолтой гэж харж байгаагаа тэрбээр тайлбарласан. УИХ-ын гишүүн Н.Тэмүүлэн төслөөр татварын эрх зүйнд эрс, түүхэн өөрчлөлт хийгдэхээр байгааг хэлж байв. Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ, төслийг боловсруулах ажил багагүй хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд бүх аймагт төслүүдийн хэлэлцүүлэг явуулсан гэдгийг хэлсэн.
Мөн бизнес эрхлэгчид, судлаачид, мэргэшсэн байгууллагууд, ТББ-ууд зэрэг талуудыг оролцоог бүрэн ханган, өргөн хүрээний хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулсан гэлээ. Төсөлд татваруудын нэр, төрлийг дурдаагүй талаар тайлбарлахдаа “Одоогоор улсын төсөвт ногдуулж авдаг 17 төрлийн татвар, орон нутгийн төсөвт ногдуулж авдаг 18 төрлийн татвар байдаг. Энэ бүгд Төсвийн тухай хуульд тусгасан байдаг. Татварын тухай хуульд үүнийг тусгахаар технологи дэвшиж, өдөр бүр өөрчлөлт, шинэчлэлт болж байгаагийн хэрээр бид хуулиа өөрчлөх болдог. Ингээд татварын эрх зүйн орчин тогтворгүй орны тоонд орох, үүнтэй улбаатай эрсдлүүд үүсэх гээд байдаг тул үүнээс сэргийлж, төсөлд ийм байдлаар тусгасан” гэлээ.
Ийнхүү төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Б.Баттөмөр, Я.Содбаатар нар тодруулга авлаа. Я.Содбаатар гишүүн эрх зүйн орчны шинэчлэлийг хийхдээ өнөөдөр тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхээс гадна ирэх 10-15 жилийг тооцож, төслийн зохицуулалтуудыг боловсруулах ёстойг тэмдэглэж байв. Татварын байгууллагын тогтолцоо нь эх газрын эрх зүйн системд хамгийн сайн тохирсон зохицуулалттай, өнөөдрийн хуульд дахь энэ зохицуулалтыг тусгасан байдгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь дурдаад шинэчилсэн найруулгын төсөлд үүнийг өөрчлөх шаардлагагүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн М.Билэгт малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хангахад төслөөр ямар зохицуулалт хийх, ямар дэвшилт хийж байгаа талаар тодруулсан бол Л.Болд гишүүн төслийн талаар гадны болон дотоодын хөрөнгө оруулагчидтай зөвшилцсөн эсэхийг асууж, хариулт авсан. Үүний зэрэгцээ орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудлыг хумьсан байгааг, Үндсэн хуулийн зарим заалттай төслийн зохицуулалтууд зөрчилдөж байгааг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитоор дэмжиж зохицуулалтууд тусаагүй байгааг шүүмжилж, дараа дараагийн хэлэлцүүлгийн шатанд анхаарч ажиллах ёстойг гишүүд хэлж байлаа.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд ийнхүү тодруулга хийж, үг хэлэн, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 50.8 хувь нь төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Иймд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ шаардлагатай бол бусад Байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэлийг хуралдаан даргалагчаас өгөөд Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, Ч.Хүрэлбаатар сайд төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулсан.
Төсөлд татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ. Одоогийн мөрдөж буй хуулиар аж ахуйн бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн албан татвараа нэг тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж, төлдөг байна. Иймд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг төсөлд тусгажээ. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болох зохицуулалтыг тусгасан байна.
Мөн бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасч тооцох зарчмыг тусгажээ. Түүнчлэн байнгын оршин суугч албан татвар төлөгчийн тодорхойлолтыг боловсронгуй болгож, татварын хувь хэмжээ хоорондоо уялдаагүй байсныг уялдуулж, хуулийн хэрэгжилтийг үр ашигтай болгох зохицуулалтуудыг тусгасан байна. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг О.Батнасан гишүүн танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Н.Учрал, Н.Тэмүүлэн Ж.Батзандан нар асуулт асууж, ажлын хэсэг болон Сангийн сайдаас тайлбар авлаа. Ингээд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж буйтай холбогдуулан гишүүд санал хэллээ.
Тухайлбал, Ц.Мөнх-Оргил гишүүн төвлөрлийг сааруулах зорилгоор эрх зүйн орчныг судлан, сайжруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-аас байгуулагдан ажиллаж байгаа. Үүнтэй татварын бодлогоо нягт уялдуулах ёстой бөгөөд төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хорооны ажлын хэсэгт дээрх УИХ-ын ажлын хэсгийн гишүүдийг оролцуулах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Л.Энх-Амгалан гишүүн дундаж давхаргыг тэлэх асуудлыг бодлогын түвшинд анхаарах ёстой бөгөөд үүнд татварын бодлого чухал ач холбогдолтой. Иймд эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр дээрх бодлоготой уялдуулах асуудлыг тооцох ёстой гэв. Мөн тэрбээр хүн амын орлогын албан татварын хэмжээг бүсчлэн тогтоох, нийслэлээс зай нь алсрах хэрээр татвар нь багасдаг байх зохицуулалтыг шигтгэх нь оновчтой гэдэг саналыг хэлж байв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн шатанд анхаарах, өөрчлөх зүйлүүд хэд хэд байгааг хэлж байв.
Мөн Монгол Улс бол татварын ачааллаар дундаж үзүүлэлттэй тооцогддог бөгөөд хувь хүний орлогын албан татвар нь эдийн засагт оруулж буй үр нөлөөгөөрөө 4 дүгээрт буюу нийт татварын 10 орчим хувийг бүрдүүлдэг гэдгийг тайлбарлалаа. Тэр дундаа орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд энэ төрлийн татвар чухал, тиймээс орон нутагт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн энэ төрлийн эрх, үүргийг хангуулахад онцгой ачч холбогдол бүхий зохицуулалтуудыг тусгах нь зүйтэй гэв. Ингээд төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Ингэхдээ шаардлагатай бол Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороодоор хэлэлцүүлэх, ажлын хэсэг байгуулахдаа гишүүдийн саналыг харгалзах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн.
“ТӨСЛИЙГ БУЦААХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.
Танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитоор дэмжсэн зохицуулалтууд, бэлэглэлийн татварын талаар тодруулж Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Үндэсний аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжихээр боловсруулж эхэлсэн хуулийн төслүүд дэх зохицуулалт танилцуулгатайгаа нийцэхгүй байгаа талаар гишүүд шүүмжилж УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Ганбаатар, Н.Тэмүүлэн, Н.Оюундарь, Ч.Улаан, Н.Ганболд нар дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр татварын эрх зүйн орчны шинэчлэлийг хийх хугацаа болсон, шаардлагатай бол гишүүдийн хэлж буй шүүмжлэлийг анхаарч, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлгийн шатанд хийх боломжтойг хэлээд ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахаас өмнө татварын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг сануулж байлаа. Ийнхүү гишүүд тодруулга хийж, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзснээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай УИХ батлагдав.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Ганболд, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.
Төсөл санаачлагчид төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатанд үйлчилгаа үзүүлэх үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шилжлүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулсан байна. Төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд сум, дүүргийн татварын улсын байцаагчийг аймаг, нийслэлийн татварын газрын дарга томилж, чөлөөлдөг тогтолцоонд шилжих асуудлыг хэлэлцүүлгийн шатанд анхаарах, Монгол Улсын засаг захиргааны нэгжүүд өөрийгөө санхүүжүүлдэг байх нь зүйтэй, иймд төсөл санаачлагчид Татварын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгтэй хамтран ажиллах асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг саналуудыг хэлсэн байна.
Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжснээр Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шижүүллээ.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Дараа нь УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавх суларснаас цалин хөлс, хөдөлмөрийн орлого төдийлөн нэмэгдээгүй, цаашид дорвитой нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа нь иргэдийн, ялангуяа бага орлоготой иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах замаар бодит орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 2016 оны 4 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 240.000 төгрөг байхаар тогтоосон юм. Хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар хуульчлан тогтооволтатвар төлөгч иргэн жилд 240.000 төгрөг, сард 20.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоо байгаа юм байна. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь төслийн үзэл баримтлалыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих нь зүйтэй гэлээ. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Хуралдаанаар үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав. Байнгын хорооны тогтоолоор тус төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан, Г.Мөнхцэцэг, Я.Санжмятав, А.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллажээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр төсөл дэх х33лийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөн, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болгох зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг гишүүд дэмжсэн байна.
Санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР БАТЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Төрийн өмчид байгаа илүүдэл, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ, шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх, эд хөрөнгийн зохицуулалт хийх, Төсвийн тухай болон Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх шаардлагад үндэслэн тогтоолын төслийг боловсруулсан юм. Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нарын гишүүд тодорхой саналуудыг хэлсэн юм. Ингээд анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 36.7 дэмжиж санал өглөө. Ийнхүү гишүүдийн олонх дэмжээгүй тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэв.
ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Ийнхүү энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав.
Байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэрээ Ц.Мөнх-Оргил гишүүний ахалж, Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнд нь ажилласан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэжээ. Ингээд төслийн зарим нэр томъёог Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн иргэнийг сураггүй алгба болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол гэрлэлт сэргээсний бүртгэлд бүртгэх асуудлыг тусгах, гадаадын иргэн, харъяалалгүй хүний Монгол Улсын харъяат болгон тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа харъяалалгүй хүүхдийг үрчлэн авах асуудал, үрчлэн авах журмын зохицуулалт нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдах тул төслөөс хасаж, хууль хоорондын уялдааг хангахаар холбогдох саналын томъёоллуудыг хэлэлсэн байна. Иргэн овог, эцэг (эх)-ийн нэрийг хуульд заасан үндэслэлээр өөрчлөх, өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болохоор тусгах, оршин суух хаяггүй иргэний болон хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг үндэслэн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгох зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.
Үүний зэрэгцээ иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн хэсэгт иргэний байнга, түр оршин суух зохицуулалтыг тусгах, шилжилт хөддөлгөөний бүртгэлийн хэсэгт иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон иргэний улсын бүртгэлийн хаягийн бүртгэлд өөрчлөл оруулалт зохицуулалт тусгахтай холбоотой саналын томъёоллуудыг Байнгын хороо хэлэлцсэн гэв. Төгсгөлд нь төслийн дагаж мөрдөх хугацааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдан, хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх талаарх зохицуулалтыг хэлэлцсэн байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Ингээд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээ Байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ