УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцлээ.

Д.Хаянхярваа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд суугаагүй цаг ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны гуравны нэгд хүрсэн бол гишүүнийг эгүүлэн татна хэмээн заажээ.

С.Бямбацогт нарын 14 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох, гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Дээрх хуулийн төслүүдэд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татах заалт байхад Дэгийн тухай хуульд нэмэлт заалт оруулах шаардлагагүй” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын гишүүн хурал тасалсан тохиолдолд ял, шийтгэл ногдуулах асуудлыг Эрүүгийн хуулиар, бусдын өмнөөс кноп дарах асуудлыгЗөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Үндсэн хуульд заасан гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг энэ хуульд давхар оруулах шаардлагагүй” гэлээ.

Энгийн төрийн албан хаагч гурван удаа ажлаасаа хоцроход л халагддаг. Тиймээс төрийн дээд байгууллагад ажиллаж байгаа гишүүдэд мөн хариуцлага тооцох асуудлыг ярих шаардлагатай тул хуулийн төслийг дэмжиж буйгаа Ж.Мөнхбат, Ж.Энхбаяр, М.Билэгт нарын гишүүд хэлэв.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулахаар тогтов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ