"Яриа хэлэлцээ Монгол Улсын гадаад бодлогын хувьд маш чухал"


Өнөөдөр эхэлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал хоёр өдөр үргэлжилнэ.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Vбага хуралд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Япон улсын мэргэжилтэн судлаачид болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази Номхон Далайн эдийн засгийн ажиллагаа зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

Тэд 2025 он хүртэлх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, хэтийн төлөв, сорилт ба боломжийг тодорхойлох, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэх ажээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги төлөвлөлтийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль “Цөмийн зэвсгээс илүү яриа хэлэлцээ хүчтэй гэсэн ойлголт бий. Ярьж хэлэлцэж байж улс төрийн ойлголцол, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаа бий болно.

Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсад ийм боломжийг бий болгох зорилгоор санаачлан бий болсон. Энэхүү яриа хэлэлцээ Монгол Улсын гадаад бодлогын хувьд маш чухал юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бүс нутагтаа ямар үүрэгтэй байх вэ, мөн олон улсын энх тайван аюулгүй байдлын төлөө хэр зэрэг хувь нэмэр оруулах вэ? гэх мэт олон асуудлуудад эерэг нөлөө үзүүлнэ. АНУ болон БНАСАУ-ын уулзалтыг зохион байгуулах боломжтойулсын хоёрдугаарт бичигдсэн нь Улаанбаатарын яриа хэлэлцээ болон манай гадаад бодлогын үр дүн гэж харж байна” гэв.

БНХАУ-ын Олон улс судлалын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч доктор Рюан Зонзе “Миний хувьд энэхүү уулзалтад гурав дахь жилдээ оролцож байна. Энэ жил БНХАУ-ын гадаад харилцааны яамны Азийн албаны дарга хүрэлцэн ирсэн. Улаанбаатарын яриа хэлэлцээ БНХАУ-ын хувьд ихээхэн ач холбогдол өгч байгааг харж болно.

Улаанбаатарын яриа хэлэлцээ Сингапурын дээд хэмжээний уулзалтын дараахан болж байгаагаараа онцлог, мөн их чухал юм.Яриа хэлэлцээ хамгийн чухал гэдгийг Сингапурын уулзалт бидэнд харууллаа. Одоо уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон олон зүйлийг хэрэгжүүлэх хамгийн чухал гэж бодож байна.

Монгол Улсын хувьд төвийг сахисан байрь суурьтай тул олон орон оролцох боломжтой гэж үзэж байна.Энэ уулзалтад олон улсын төлөөлөл оролцож байгаа нь их чухал. Учир нь хүмүүсийн хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг биелүүлэхэд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” их чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ