МУ-ын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.15) хуралдаан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн сайд хуралдаанд оролцов.
Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа, татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэйтөсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд дэвшил гарна хэмээн тооцсон байна.
Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Сангийн сайд танилцуулгадаа урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг онцолсон юм. Засгийн газар татварын орчныг шинэчлэн хялбар, энгийн болгох,шударга өрсөлдөөнийг урамшуулах, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, элэгдэл тооцох хугацааг багасгах, татварын өр төлөх хугацааг сунгахаар төлөвлөсөн байна. Ийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахаас гадна эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгоход анхаарч ажилласан байна.
Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, ажлын байр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх “Мах, сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг төлөвлөсөн талаар танилцууллаа. Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, С.Бямбацогт, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Хууль, эрх зүйн орчны шинэчлэлтийн хүрээнд томоохон хуулиуд шинээр батлагдан, хэрэгжиж байгаа бөгөөд хуулийн бүх байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан гэдгийг дэд сайд Б.Энхбаяр дуулгасан. Энэ хүрээнд салбарын сайдын багцад 2640 орон тоо нэмэх шаардлагатай гэдэг тооцоолол хийгдсэн бөгөөд үүнд 295 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Харин улс орны төсөв, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн сүүлийн 4-5 жилд хуулийн байгууллага шинээр нэг ч орон тоо нэмэгдүүлэхгүйгээр ажиллаж байгаа гэлээ.
Мөн салбарын яамны зүгээс зарим асуудлаа шийдвэрлэхдээ төсөв болон татвар төлөгчдөд дарамт учруулахгүйгээр гадны хөрөнгө оруулалт, тусламжаар шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байгаагаа хэлсэн. Гишүүдийн тодруулсны дагуу томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар Сангийн сайд мэдээлэл өгсөн. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр онцгойлон анхаарахгүй бол иргэдийн эрх зүйн боловсрол хангалтгүй байгаагаас иргэд эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгааг мэдэхгүй хохирч байгааг О.Батнасан гишүүн хэлсэн.
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг хууль зүйн салбарт хэрэгжсэн хөтөлбөр, арга хэмжээнүүдээс харж болно гэдгийг дэд сайд Б.Энхбаяр хэлээд тодорхой мэдээлэл өгсөн.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн 17.7-д “Иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлтэй, хүртээмжтэй, энгийн, хялбарчилсан хэлбээр хүргэх тогтолцоог бүрдүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 0.1 тэрбум төгрөгийг гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэх шаардлагатай хэмээн тусгасан байна.
Засгийн газраас хууль сахиулах үүргийг өгөхийн зэрэгцээ энэ үйл ажиллагааг явуулах төсөв, эдийн засгийн асуудлыг шийдэж байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нийтдээ 382 зорилттой, үүний 84 нь засаглал, эрх зүйн бодлого, хууль сахиулах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилт юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 22 хувь нь хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангахтай холбоотой зорилт байтал 2019 оны үндсэн чиглэлийн төслийн ердөө 6 хувийг эзэлж байна.
Улс орны эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа хэдий ч хууль сахиулах, шударга ёсыг бэхжүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг тэрбээр дурдаад Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэлэлцүүлгийн явцад үүнд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэлээ. Ингээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв.
Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ