Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарын цалингийн фондыг нэмэгдүүлвэл урамшуулал олгох боломжтой

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаарирэх оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэхээр байв. Тус байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцэх асуудлыг танилцуулсан дараагаар гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: МАН-ын, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсрол, эрүүл мэндийн салбарын ажил хөдөлмөрийг ажлын үр дүнгээр нь үнэлнэ гэсэн заалттай тусгасан. Энэ нь цалин нэмэхээр бус хөдөлмөрийг нь хэрхэн үнэлэх гэдэг судалгааг манай эрүүл мэндийн салбар хийсэн. 30 гаруй эрүүл мэндийн байгууллагын 2600 хүнийг оролцуулсан нэг жилийн хугацааны судалгаа. Эрүүл мэндийн салбарын цалингийн фондыг 73 тэрбум төгрөгөөр жил бүр нэмэгдүүлээд явбал, ажил хөдөлмөрийнх нь үр дүнгээр урамшуулаад явах боломжтой. Нийтэд нь хавтгайруулж 5-10 хувь нэмэх биш үр дүнгээр нь үнэлэх юм. Боловсролын салбарынхан мөн энэ судалгааг хийгээд дуусч байгаа юм билээ. Үүнийг ЭМЯ дангаараа шийдэхгүй. Талбай дээр хүмүүс цалин нэм гээд суугаад байдаг. Бид чимээгүй суугаад байж болохгүй.Үүнийг манай байнгын хороо хэрхэн шийдэх вэ?

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Д.Сарангэрэл гишүүний тавьж байгаа асуудлыг дэмжиж байна. Манай шинжлэх ухааны байгууллагын ажиллагсад судалгаан дээр сууж байгаа юм билээ. Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүнБатзориг ирж уулзаад “Маргаашнаас багш нарын ажил хаялтад багш нар нэмж сууна. Хичээл тараад амралт эхлэхийн өмнө цалингийн асуудлаа шийдүүлэхгүй бол гурван сарын дараа ямар ч асуудал шийдээгүй байна. Хэрвээ шийдвэрлэхгүй бол намар хичээлийн шинэ жил эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Миний хувьд “Шантааж маягаар асуудалд хандаж болохгүй. Засгийн газар асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа” гэдгийг хэлсэн. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Бид иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн тулд суурь тогтолцоон дээр арга хэмжээ авахгүй бол болохгүй. Эрүүл мэнд, боловсролын салбарын цалин нэмээд асуудлыг шийдэхгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа. Өвөл ажил хаялт хийнгүүт нийт төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн урамшуулал өгсөн. Энэ бол буруу. Бид хамгийн гол нь хууль эрхзүйн орчныг зохицуулах ёстой.

Гишүүдийн тавьсан дээрх асуудлаар ХНХЯ-нд гурван талт хэлэлцээр хийгдэж байгаа юм байна. Тиймээс өнөөдөр үдээс хойш хоёр яаманд ажилласан ажлын хэсгийнхэнтэй Байнгын хорооны гишүүд уулзаад, маргааш энэ асуудлаар Байнгын хороог хуралдуулж мэдээлэл сонсохоор боллоо. Ингээд хэлэлцэх асуудалдаа орсон юм.

Ирэх онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд эдийн засгийн өсөлт 8 хувь, Засгийн газрын өрийн төвшин 55.3 хувь, ажилгүйдлийн төвшинг 8 хувиас ихгүй байхаар тусгажээ. Агаарын бохирдлыг бууруулахад шинэ технологи хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхийг түрээсийн байранд оруулан,нийслэлийн автозамын түгжрэлийг багасгах талаар төсөлд дурджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ