Ерөнхийлөгч Тува улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсад айлчилж байгаа Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг гарган хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлэв. Хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, зам тээврийн болон үйлдвэрлэл, худалдаа эдийн засгийн чиглэлд улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны 9 дүгээр сард Владивостокын уулзалтын үеэр яригдсан төмөр замын хойд коридорын хэсэг болох Кызыл-Цагаантолгой чиглэлийн төмөр замын ажлын явц ямар байгаа талаар сонирхож, мөн тус улсаас агаарын тээврийн шууд нислэгтэй болох гэх мэт асуудлаар санал солилцлоо.

Бүс нутгийн харилцааг хөгжүүлж, цаашид үр дүнтэй хамтран ажиллах талаар талууд харилцан ярилцаж, бизнесийн салбарынхан болон ард түмний хоорондын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой хэмээн санал нэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ